Утсан хүүхэлдэй

Т.Аззаяа

Баарны VIP өрөө. Дотор нь дуу дуугаа авалцан гинших эрэгтэй, эмэгтэй хоёр. Эрэгтэйг нь тэр мэдэхгүй. Харин хаалганы наана сэтгэлдээ дэлбэрэх шахаж байгаа уур хилэнцээ хүлэн зогсохдоо дотор байгаа эмэгтэйн хоолойг тэр өөрийнхөөсөө ч илүү таниж байлаа. Таниагүй байсан бол дээр байсан юм. Бүтэн 4 жилийн турш сонссон дуу чихэнд хоногшихгүй байхын аргагүй.

Хаалгыг нь татаж ороод эхлээд тэр хоёрыг, дараа нь өөрийгөө нэг мөсөн үгүй хийчихмээр л байлаа. Гэвч тэр зориглохгүй гэдгээ мэдэж байв. Үргэлж л ийм байсан. Ялангуяа эхнэр авснаас хойш өөрийгөө ямар хулчгар, сул дорой, арчаагүй амьтан болохыг мэдэрсээр эцэстээ хүлээн зөвшөөрчээ.

Нүдээ хамгийн хүчтэйгээрээ аниад, амандаа мэддэг хамаг хараалуудаа урсгасаар гэр лүү гээ буцав.

Түүний төсөөлөл доторхи “алиа салбадай” амь орон -Чи ч ийм л амьтан дөө. Тэр хүүхнийг өөр залуустай унтаж хэвтдгийг нь харсаар байж юу ч хийж чадахгүй нь уу? гээд элгээрээ эвхрэн шоолж байхыг тэр мэдэрлээ.

-Амаа тат гэж орилов. Харин түүний өөрийнхөө хоёр дахь тал гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа алиа салбадай энэ үйлдэлд нь улам ч хөөрөн, дотрыг нь урагдтал хашгичин инээв. Тэр салбадайг өөдөөс нь хуруугаараа чичлэн тохуурхах бүрт тэрсэлдэж, тархи луу нь хашгирах хорон үгсийг дуулаагүй юм шиг царайлдаг. Гэвч салбадайн үг үргэлж үнэн байдаг нь гаслантай…

Хуучирсан экселээрээ харих замдаа тэр хайрлалцаж, дурлалцаж байсан үеээ эргэн санаж, саяхан сонссон нүгэлт үйлийн чимээг толгойноосоо зайлуулахыг хичээлээ. Хотын төвийн нэгэн кафед танилцаж байсан үеэ, анхны үнсэлт, анхны шөнө, бас хуримын өдрөө ой санамжаа ухраан бодлоо. Торойж харагдах, онцгой зүйл орж ирсэнгүй. Цаашлаад хамт туулсан бүх сар өдрүүдээсээ хайр амтагдсан нандин мөчийг ялган, бодолдоо шингээх гэсэн авч сэтгэлд нь юу ч буусангүй. Саяхан арчсан самбар шиг хов хоосон. Арай тэр намайг нэг ч удаа хайрлаж байгаагүй юм биш байгаа гэсэн айдас дагуулсан бодол түүнийг тоормосоо огцом гишгээд, жолооныхоо бариулыг дэрлэн хэсэг хэвтэхэд хүргэв. Хэсэг хэвтсэнээ тэр толгойгоо өндийлгөн –Би чамайг хүсч байна гэж тэр надад хэлдэг байсан. Энэ чинь хайртайн шинж биш гэж үү? Тийм ээ, тэр надад хайртай л байж таараа.
Ингэж үглээд тэр хөдөллөө. Насан туршдаа өөрийгөө тайвшруулах хангалттай шалтаг биш ч, одоохондоо сэтгэлээ тэжээчих дурсамжийг сэргээж чадсандаа л тэр урагшилж байв. Үүнийг санаагүй бол тэр одоо амиа хорлохоор зориг шулуудсан явах байсан биз.

Гэрийнхээ хаалгыг онгойлготол эмх замбараагүй байдал өөдөөс нь угтаж авлаа. Сангирсан хог новш, архины шил, сандайчсан хөнжил…Хамгийн сүүлд хэзээ гэрээ цэвэрлэснээ ч тэр мартаж орхиж. Диван дээрээ суугаад эхнэрээ хүлээхээр шийдэв.
Шөнийн 5 цагийн үед хаалганы хонх дуугарлаа. Шөнөжин уусан архины үнэр ханхийж, ядарч үхлээ гэсээр авааль гэргий нь гэрийн үүдийг давав. Урагдсан шилэн трикотойгоо шууд гал тогооны өрөөг чиглэн, хөргөгчнөөсөө шилтэй ус гарган залгилав. Сормуусны будаг нь урсчээ. Галзуу тачаалын эрхэнд нулимас нь урсаад тэр биз. Биеийг нь барьсан нимгэн мини даашинзны цаанаас дөнгөж сая өөр эрийн базалж байсан хөх, өгзөг нь товойж харагдана. Энэ байдал эр нөхрийнх нь уурыг дахин дүрэлзүүлэв.

-Чи сая хаачаад ирэв. Хардалтаар дүүрсэн улаан нүдээрээ өөдөөс нь ширтээд эхнэрээсээ ингэж асуулаа.
-Хаачих вэ дээ. Найзынхаа төрсөн өдөр дээр очино гэж хэлээ биз дээ.
-Танай найз чинь чамд тэр зулбасгыг танилцуулсан юм биз дээ?
-Чи юу яриад байгаан?
-Би тэрийг чинь алчихаж чадахгүй гэж бодож байна уу?
Эмэгтэй зэвүүцэнгүй инээмсэглэмгэцээ, -Яасан чи намайг мөрдөө юу? Хэмээгээд огт тооосн шинжгүй тамхи гарган асаалаа. Чимээгүй байдал хоёр хором үргэлжилэв. Эхнэр нь түүн лүү дөхөж ирээд, нүүр лүү нь утаагаар үлээснээ бах нь ханасан байдалтай чанга хөхөрлөө.
-Тийм ээ, тэгсэн, тэгээд чи намайг яах юм?
-Би чамаас сална. Тэр зодуулсан жаал шиг л гөлөлзөж байснаа, амнаасаа ийн үг унагав.
-Чи юу? Чи чадах юм уу? Олон долоон юм яриад байвал чин харин би чамаас салчихна шүү. Одоо ч явчихсан чадна.

Эмэгтэй ингэж хэлээд, өөрийн чемодандаа хувцаснуудаа нэг нэгээр нь чихэж эхлэв. Шийдэмгий байдал нь залууг айдсаар нөмрөн авлаа. Одоо л дахиж тэгэхгүй, чи дахиж гуйх ёсгүй хэмээн тэр өөртөө хэлтэл, -Гэхдээ чи чадахгүй ш дээ гэсэн салбадайн хоолой бодолд нь түрэн орж ирэв.

Гэрийнх нь түлхүүрийг орон дээр хаячихаад гарахын даваан дээр залуу өөрийгөө барьж дийлэлгүй түүний гараас нь атгалаа. –Битгий яв гуйя, битгий яв л даа. Чамайг явчихвал би хэн ч биш болно. Надад чамаас өөр хэн ч байхгүй. Битгий…
Энэхэн мөчид тэр эр хүн гэдгээ мартах шиг. Ээжийнхээ хормойноос зуурч байгаа нялх хүүхэд адил…

-Чи дандаа л хойноос нь ингэж шалчигнадаг биз дээ. Чадахгүй юм бол битгий миний хувийн амьдралд оролцоод бай за юу? Миний хэнтэйгээ унтах чамд огт хамаагүй. Ингээд хажууд чинь байж байгаа нь их юм гэж бод.

Эхнэрээ тамхи татан, тагтан дээр зогсох зуур тэр дуулгавартай нь аргагүй ороо заслаа. Маргаашийн өдөр дахиад л там шиг өнгөрөх вий гэхээс дагжин чичирнэ.
Дэргэд нь хэвтэж байгаа эхнэрээ харах болгонд түүний өөр эрчүүдийн өвөрт хэвтэж байгаа дүр нүдэнд харагдана. Түүний шөнийг өнгөрөөж байсан бүх эрчүүдийнх нь нүдэн дээр түүнтэй энгэр зөрүүлэхсэн гэсэн адын хүсэл биеийг нь эзэмдэв. Тэд ч бас надад мэдрэгдсэн бүхнийг мэдрэх ёстой. Яагаад ганцхан би шаналах ёстой юм? Би түүний хүссэн бүхнийг авч өгдөг. Хий гэсэн болгоныг нь хийдэг..Гэтэл яагаад тэр вэ?
Нэг мэдэхэд тэр гүн нойрондоо автсан байв.

…Ямар нэг харанхуй газар нүдээ нээлээ. Гараа сунгах гэтэл таталдаад болж өгдөггүй. Хөл нь ч бас адил тушигчдихаж. Төмөр утас дөрвөн мөчийг нь сүлбэжээ.
-Сайн уу? Пиноккио минь?
-Салбадай юу?
-Таниж байгаа чинь яамай даа. Ингэж хэлээд үл мэдэх ертөнцийн хоолой таних этгээд нааш алхахад нүүр нь аажим аажмаар тодорч байв.
-Үгүй байлгүй дээ.
Салбадай түүний төсөөлсөн шиг байсангүй. Салбадай бол урт хөлтэй, гоолиг бэлхүүстэй, тачаангуй уруултай эмэгтэй байлаа. Салбадай түүний эхнэр нь байв.
-Энэ бүх хугацаанд чи миний дотор байсан хэрэг үү? Чи миний хүслийг удирдаж, чи намайг залхаан хашгирдаг байжээ.
-Хэн чамайг миний үгэнд ор гэсэн юм. Чи өөрийнхөө гар хөлөнд дуртай нь аргагүй миний утсыг уясан биз дээ. Одоо чи миний утсан хүүхэлдэй болсон.

Ингэж хэлээд тэр эрүүг нь өргөн нэг нухацтай харснаа, тачигнатал инээгээд арилчихав. Гар хөлнөөс нь дөнгөлсөн утаснаас мултрах гэж хэдэнтээ тэмцсэн боловч, нарийхан хэрнээ дэндүү хөтуу, бат бөх болохыг нь олж мэдэв. Хэсэг хугацааны дараа тэр мэгшин уйлж эхэллээ. Энэ зүүднээсээ сэрэхийг хүссэнгүй. Бодит амьдралд үхэхээс наагуур тарчилж байснаас, энэ утсанд насаараа зүүгдэх нь түүнд илүү хялбар санагдав.
Зүүд гэвч удаан үргэлжилсэнгүй, харин амьдрал үргэлжилсээр…

This entry was posted in Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s