Залуу бүсгүйг хүмүүс юугаар нь үнэлэх вэ?

Идэр залуу насандаа олон хүнд үнэлүүлнэ гэдэг таны ирээдүйг шийдэх гол алхмуудын нэг юм.

Хүн анхны сэтгэгдлээ мартдаггүй учир, таныг хүн яаж үнэлнэ, тэр үнэлэмж нь барагтай л бол өөрчлөгддөггүй. Тиймээс үнэлэмж гэдэг бол яг л таныг насан турш дагах нэрийн хуудас адил чухал. Залуу бүсгүй бүрт тохирох, эзэмшвэл зохих 10 чанарыг жагсаан бичлээ. Энгийн атлаа танд хэрэгтэй зөвлөгөө болно гэдэгт найдаж байна.

1.Хүнтэй танилцаад, нэрийг нь тэр дор нь цээжлэх.
Үүнийг хүн бүхэн чадна хэмээн та бодож магадгүй. Гэвч бид хааяа нэг танилцсан хүнтэйгээ дараа долоо хоногт нь тааралдахаар, нэрийг нь мартчихаад байх тохиолдол бий. Ямар ч хүний нэрийг амархан тогтоох нь танилын хүрээгээ өргөсгөж, нэр хүндээ бататгах наад захын боловч нэн чухал чанаруудын нэг юм. Өөрийг нь нэрээр нь дуудаж байгаа хэнд ч хүн таатай ханддаг.

2.Ямар ч салбараар яриа өрнүүлэх чадвар
Мэргэжлийн хэмжээнд биш ч, ядаж л тэр салбарын талаар үзэгчийн, сонирхогчийн үүднээс хэдэн өгүүлбэр хэлж чаддаг, асуулт тавьж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа бүсгүй таны ярилцагч мэдлэгийн хүрээ өргөнтэй, нэр нөлөөтэй хүн байх тусам боломж тань улам бүр нэмэгдэнэ. Зөвхөн ажил хэрэг ч биш, хайр сэтгэл, нөхөрлөл гээд олон төрлийн харилцаа холбоонд хэрэглэгдэх чадвар юм шүү.

3.Найргийн 3 дугараа, хундаганы үгтэй байх
Сайн найзынхаа хуриман дээр, аав ээжийнхээ мөнгөн хуриман дээр, шинэ байрны найран дээр гээд аливаа баяр ёслолын үеэр хэдийд ч та үг хэлэх хэрэгтэй болж магадгүй. Мөн хэдийд ч таныг “Нэг ая өргөчих” гээд босгочихож магадгүй. Энэ үеүүдэд олон хүний өмнө эвгүй байдалд орохгүйн тулд та аль болох бэлтгэлтэй байгаарай. Сэтгэл хөдөлгөм үгсийг эвтэйхэн хэлчихдэг, сайхан дуулчихдаг эмэгтэй хүн олны дунд нэр сайтай байдаг.

4.Манж үгэнд хариу бариад, өөрийгөө аваад гарчих чадвар
Өөрийг нь “байдалд оруулах”-ад хүмүүс 3 төрлийн хариу үзүүлдэг. Нэг бол уцаарлаж, тоглоом даадаггүйгээрээ хэлүүлэх, эсвэл хүлээн зөвшөөрсөн мэт хүлцэнгүй суух. Харин гурав дахь нь тийм үгэнд авталгүй, өмнөөс нь эвтэйхэн хариу хэлчихээд нэр төртэй нь аргагүй мултрах. Гурав дахь чанарыг эзэмшсэн хүнээс хүмүүс бусад зүйлс дээр ч цаанаа л эмээж, тэр хүнийг хүндэлдэг. Хамгийн мэдлэгтэй хүн л үгэнд хамгийн оновчтой, хошин, мөн “хорон” хариуг хэлж чаддаг.

5.Гарын 5 хоолтой байх
Та гэрийн ажилд тийм ч шаргуу биш байж магадгүй. Гэвч нэг, хоёрдугаар хоол, дессерт, салат зэрэг хоолны төрлүүдээс нэг нэгийг өөрийнхөө “бренд” болтол сайн хийж сураарай хүүхнүүд ээ. Эмэгтэй хүнийг үнэлэх бас нэг шалгуур нь хоол бэлтгэх чадвар гэлцдэг шүү дээ.

6.Хэрэгтэй цагт, хэрэгтэй хүндээ хүчтэй асуулт тавьж сурах
Шалдар булдар асуулт тавигчид хаана ч мэдлэг чадварын хувьд доогуур үнэлэгддэг. Харин час хийсэн хариулт өгч чадах хүнээс тас хийсэн асуулт тавих нь таны нэр хүндийг нэг хормын дотор ч огцом өсгөж чадах чадвар юм.

7.Аль нэг гадаад хэлийг төгс хэмжээний 70 хувьд хүртэл эзэмших
Ядаж 70 хувийг гэвэл илүү тохиромжтой болов уу. 10-аад жилийн дараанаас олонхи ажилд ороход 2-3 гадаад хэлний мэдлэг шаарддаг болно. Харин одоо үед байдал арай хялбар байгаа дээр нь залуу бүсгүй та гадаад хэл сайн сурч амжаагүй яваа бол ядаж нэгийг нь төгсөд ойрхон хэмжээнд эзэмшээрэй.

8.Зурган дээр сайхан гарч сурах
Энэ ч бас чухал чадваруудын нэг шүү. Яаж ч инээж, хаанаас нь ч авсан төрөлхийн “фотогеничный” бүсгүйчүүл байдаг. Гэвч тийм бүсгүйчүүл цөөн. Та өөрийгөө нүүрнийхээ аль өнцгөөс, яаж инээмсэглэж авахуулвал зурган дээр хамгийн сайхан гардгаа мэдэж аваарай. Ингэхийн тулд янз янзын байрлалаар зургаа дарж үзэх хэрэгтэй. Ажлын байр, баяр ёслол, амралт зугаалга гэх мэтчилэн танд зураг авахуулах хэрэг бишгүй л гарна. Тэр болгонд мэргэжлийн юм шиг сайхан гарах нь бусдад гоо үзэсгэлэнг тань олж харах хэмжүүр болох юм.

9.Хүсэл мөрөөдөлтэй, түүнд хүрэх замаа тодорхойлсон байх
Энэ бол зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдэд ч мөн хамаарахыг надаар хэлүүлтгүй мэдэж байгаа байх аа. Бид бол залуу хүмүүс. Насаар ч, ясаар ч, сэтгэлгээгээр ч тэр. Тиймээс энэ л насандаа хүсэж мөрөөдөж, түүндээ хүрэх замаа тодорхойлж, төлөвлөж чаддаг байх нь түмэн дундаас ялгарах “түлхүүр” ч болж мэднэ.

10.Бусдыг баярлуулах чанар
Боломжтой үедээ бусдад бэлэг өгч, тус хүргэж, эсвэл сайхан зөвлөгөө өгч баярлуулж сурах. Хариу нэхэлгүй өгч чадах юу л байна, түүнийгээ бусдад өгч байгаарай. Мөн хүнд нөхцөлд орсон хүнд яг л сонсохыг хүсч байсан үгийг нь онож хэл. Хөл нь газар хүрэхгүй яваа хүнд улиг болсон баярын мэндчилгээнээс илүү урам зориг хайрлах сайхан үгийг олж хэлж сураарай.

This entry was posted in Chit-Chat, Бүсгүйчүүл, Зөвлөгөө, Үл үзэгдэгч титэм. Bookmark the permalink.

Leave a comment