Хайрлая /6-р хэсэг/

Image hosting by IMGBoot.com
-Чи…мөн юм уу?
-Харин…Мөн л юм шиг байна.гэж хэлээд би үл ялиг бишүүрхэсхийн инээмсэглэв.
Итгэмээргүй ч юм шиг. Хувь заяанд итгэдэг эгчийгээ жоохон хүүхэд шиг хэмээн дотроо шоолж, бодит ертөнцөд л сүсэглэж амьдардаг байсан би гэгч…Яг одоо, яг энэ мөчид өөрт тохиолдоод байгаа зүүд шиг энэхүү учралыг заяа төөрөг гэхээс өөр тайлбарлах зүйл надад олдохгүй нь. Нүд рүү минь гүнзгий гэгч нь ширтээд зогсч байгаа энэ залуугаас хоёрдугаар ангидаа миний хойно сууж үймүүлээд байнга багшид зэмлүүлдэг байсан жижигхэн хөвгүүний дүр үзэгдэнэ. Ялихгүй сахалтай болоод, өссөнөөс л биш тэр…
Бид хоёр дахиад л чив чимээгүй болчихлоо. Ингэх бүрт би юу ярих эсэхээ олохгүй хичнээн их сандардаг гээч. Намайг яг ам нээх гэж байтал миний утас дуугарч, би яг үүнийг л хүлээж байсан хүн шиг хурдхан авангуутаа “Байна” гээд маш чанга дуугарчихлаа.
-Ёоо, хэнгэрэг хагарлаа ш дээ. Чи хаана байгаан?
-Аан. Болороо яасан?
-Юу яасан гэж? Эгч нь дүүдээ хайртай гэдгээ хэлэх гээд залгаж байхад чинь.
Болороог ямар нэг юм надаас гуйх болохоороо юм уу, хэрэг тарьчихаараа ингэж аягладгийг нь би мэднэ.
-Өнөө орой гэртээ хонохооргүй болчихсон уу?
-Хэхэ. Шууд мэддэг байна ш д. Эгчийнх нь нэг найз гадаадаас ирсэн гэнэ ээ. Өнөөдрийн хоол хийх ээлжийг маргааш нөхөөд хийчихнэ ээ за?
-За за. Болгоомжтой байгаарай.
-Утсаа таслаад хартал Төрөөд ч бас ярих юм олдохгүй байгаа бололтой, чимээгүйхэн шатны бариул тулаад, завсраар нь доош хараад зогсож байлаа.
-Төрөө, чи орж цай…биш ээ хоол идчихээд явах уу?
-Гэрийнхэн чинь ирчихвэл буруугаар ойлгочихгүй юу?
-Зүгээр ээ манай ангийн хүүхэд гээд л хэлчихье.
Хагас цагийн өмнө онгорхой хаяад гарчихсан гэр маань “Одоо л орж ирэв үү?” гэсэн шиг дүнсийж угтлаа.
-За, чи том өрөөнд ороод байж байх уу? Би гялс бууз тавиадхъя.
-Чи их ажилсаг юм аа.
-Яасан?
-Түрүүчийн удаа ирэхэд ч гэсэн хоол хийгээд өгье гээд байсан. Бас гэр чинь их цэмцгэр юм байна.
Түүнийг ийм анзааргатай гэж бодсонгүй шүү. Болороо бид хоёр хааяа залхуурсан үедээ жигнэж идэх гээд хөлдөөсөн бууз хэд хэдэн уутыг аваад тавьчихсан байсан юм. Нэгийг нь авч задлаад тосолсон жигнүүр дээр эвтэйхэн өрж, гал дээр тавьчихаад том өрөө рүү оров.
Төрөө өнөөх 6-р ангидаа авахуулсан зургийг минь илүү анхааралтай хараад сууж байв.
-Сонин тохиолдол юм аа тэ?
-Харин тийм ээ.
-Би 8 настай байх үеийн чинь зургийг үзэж болох уу?
-Болно оо. Харин чи миний хүүхэлдэйг маргааш аваад ирж болох уу?
Хүнд цөөхөн хэдэн цаас өгчихөөд эргүүлээд нэхээд байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрөв. Гэвч тэр хүүхэлдэй миний түүнд хүрэх гүүр учраас ганц удаа “ширэн нүүрлэчихье” гэж би дотроо баясан бодов. Би нөгөө өрөөнөөс өөрийнхөө альбомыг авснаа, дотроос нь өөрийнхөө 5 жилийн өмнө нилээд мяраалаг байхдаа авахуулж байсан зургаа сэмхэн аваад халаасандаа хийлээ.
Төрөө миний өлгийтэй байхын зурагнуудаас эхлүүлэн эргүүлэн сууснаа миний дөрөвдүгээр ангийн монтажийг хараад –Нээрээ мөн байна ш дээ. Чи багынхаасаа их өөрчлөгджээ хэмээв.
-Манай ээж ч бас тэгээд байдаг юм.
-Гэхдээ л би чамайг танисан.
Түүний энэ үг нэг л дулаахан, намайг тэврээд авч байгаа юм шиг сайхан санагдав. Тэр альбомоо ширээн дээр тавиад над руу огцом дөхөж ирэв. Цээжээ нэвтлэх шахсан зүрх түг түг…Цагны нэг нэг секундээр цохилох зүү залхуутайяа удаан өнгөрөх шиг. Би түүний үнсэлтэд бэлэн байхыг хичээн нүдээ анилаа. Бүх биеэ хурааж, цээжээ хавчсан миний уруул сандарснаас минь болоод даарч байгаа мэтээр чичирч байв. Шүлсээ залгиад хэдэн хором…энэ удаа дахиад л юу ч болсонгүй. Яагаад түүнийг үнсэх нь гэсэн таамаглал минь дандаа буруу байдаг юм бол?
Нүдээ аажуухан нээхэд түүний минийхтай тулгарсан харц бүх зүрх сэтгэлийг минь нэвтлэн ороод бодлыг минь тэр чигт нь уншчих шиг л болов.
-Хэвээрээ байна гэж хэлээд тэр чихэр олсон жаахан хүүхэд шиг баярласан нүдээр өөдөөс харлаа.
-Юу?
-Чи тэр үед тас хар, тэгээд их урт дэрвийсэн сормуустай байсан. Сормуус чинь хэвээрээ байна уу гэдгийг харах гээд. Тэр намуухнаар, бараг л миний чихэнд дуулдах төдий шивнэн хэлж байлаа. Энэ нь миний сэтгэлийг улам ч догдлуулав. Амьсгал бүр нь хүзүү чихэнд бүлээхэн салхи шиг мэдрэгдэж байсан учраас.
-Гэхдээ…хэмээгээд тэр хэлэх үгээ бодох шиг түр зогсов.
Дахиад л зүрх түг түг. Би гэхдээ гэдэг үгэнд дургүй. Эргэлзээ, айдсаар хучаад авчихдаг юм.
-…чи яагаад намайг ойртох болгонд нүдээ анидаг юм?
-Мм? Би…тэгдэг юм уу?
-Үнсүүлэх гэж байгаа юм шиг.
Үнсүүлнэ гэж бодож аньсан юм чинь аргагүй шүү дээ?…Тэр түрүүний надад ойртсон байрлалаасаа огт хөндийрөлгүй суусаар л байлаа. Төрөө өөдөөс минь дахин нэг ширтэснээ –Би чамаас нэг юм хүсч болох уу? гэж аяархан асуув. Намайг хариулт өгөхийг хүлээгээгүй шинжтэй тэрээр уруулаа минийх рүү аажим аажмаар дөхүүлсэнд би гэнэтийн хэрнээ гэнэтийн биш энэ явдалд балмагдан нүүрээ хойш татасхийлээ.
-Битгий хөдлөөрэй. Энэ үгтэй нь зэрэгцэн ямар нэг ер бусын бал бурам ам руу урсан орлоо. Тийм сайхан зүйлийг урьд өмнө нь амсаж байсангүй. Түрүүнээс хойш хураагдаад байсан миний бие өөрийн эрхгүй сул тавигдан, орчлонгийн бас нэгэн гайхалтай амтыг ханатлаа авах хүсэл цээжийг минь дүүргэжээ.
Тэр өөрийгөө үл ялиг татан аваад –Би энэ уруулын амтыг бүтэн 8 жилийн турш төсөөлж, мөрөөдсөн гээд чи бод доо хэмээн хэлээд намайг үргэлжлүүлэн үнслээ…
Тэр оройны явдал үнсэлтээр зогссон юм. “Цааш хэтрээгүй нь ч дээр биз.” Хөнжил дотроо эргэж хөрвөөн ийн бодохдоо маргааш өглөө ирж намайг авна гэснийг нь санан санан унтаж чадсангүй. Хэдий үнэхээр баярлаж, жаргалтай байсан авч энэ тухай өөрийн хамгийн дотны хүн болох эгчдээ хүртэл хэлж чадахгүй байгааг бодоход энэ хайр миний хувьд өөр хэний ч мэдрэх ёсгүй нандин зүйл бололтой.
Үргэлжлэл бий…

This entry was posted in Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s