Хайрлая /5-р хэсэг/

Image hosting by IMGBoot.com
Нэг дэх өдөр номын санд сууж сураагүй би ёстой л хийх юмаа олж ядлаа. Гэвч орой түүний машинаар, хажууд нь суугаад хүргүүлнэ гэсэн бодол намайг сэргээж байв. Дараа сард өгөх ёстой бие даалтынхаа эхийг бэлтгэчихээд цаг хартал дөнгөж 5. Төрөөг ирэх хүртэл дахиад хоёр цаг. Бусдын эхлүүлэхээс ч халшраад байсан бие даалтыг хоёр цагийн дотор хийчихээд, бас ядаж цагийг хамт нөхцөөх нэг ч дотны найзтай болоогүйдээ ганцаархнаа номын санд уйдаж суугаа өөрийгөө хараад би үнэхээр “хичээлээс өөр юм мэддэггүй” юм биш биз дээ гэсэн бодол төрөв.
Үлдсэн мөчүүдийг яаж ийж өнгөрүүлээд, 7 цаг болов уу үгүй юу ухасхийн гарав. Сургуулийн коридороор яаран алхахдаа би Төрөөг үүдэнд инээгээд угтаж байгаагаар төсөөлөн, гүйх шахуу хурдаллаа. Үүдний хаалганы босгыг даваад эргэн тойрноо хартал түүний машин алга. Дотор орж нэг үзээд, гарч нэг үзсэн боловч тэр ирээгүй байгааг мэдээд гудамжны сандал дээр хүлээхээр шийдлээ.
Арваад минут өнгөрсний дараа машины дугуй чихрах чимээнээр зам руу хартал толь шиг гялалзсан өнгөтэй бенз хамаг биеийг минь чичрүүлэх шиг болов. Төрөө ирсэн байлаа. Тэр машиныхаа цонхыг нээгээд, “Дуусчихсан уу? Суучих” хэмээн хажуу суудал руугаа дохилоо. Нүдний минь үзүүрт над руу чиглэсэн олон охидын цоо ширтсэн харц жирвэс үзэгдэж, би хурдхан шиг л машинд орон суугаад, инээчихгүй гэсэндээ би цээжээ дарж, хацраа базав. Жаахан л инээчих юм бол миний дотор багтаж ядаж байгаа баяр тэр чигтээ нүүрэн дээр минь ил гарах гээд байсан учраас. Түүнтэй байхад яагаад дандаа нээх чухал шалгалтанд орж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг байна аа?
Бидний хэн хэн нь чив чимээгүй хэдэн хормыг өнгөрүүлэв. Машин давхиж, зам урагшилсаар гэвч хүмүүсийн ажлаа тарах цаг дөнгөж өнгөрөөд байсан тул түгжрэл бидний хамт байх цагийг уртасгаж байв. Зам хүртэл надад ийм ээлтэй хандах гэж!
-Чамд хийх хичээл тийм их байдаг юм уу?
-Айн?…Аан. Аанхаан.
-Зааза…Сая хүн дөхүүлж өгчихөөд ирсэн чинь жоохон хоцорчих шиг боллоо.
Нээрээ Сондортой үерхдэг ш дээ…Түүнийг хүнийх гэдгийг нь би мартчихсан байлаа.
-Аан…Сондорыг уу?
-Үгүй ээ. Нэг найзыгаа. Яагаад Сондорыг гэж бодсон юм?
-Чиний найз охин биз дээ?
Тэр үл ойшоосон байдалтайгаар инээмсэглэв.
-Хэн тэгж байна?
-Зүгээр…Эртээд чи Сондорыг мөрөөр нь тэвэрчихсэн байсан.
-Хэзээ билээ? Санахгүй байна.
-Дээр л…
Дахиад хэдэн хормыг зөвхөн бие биенийхээ амьсгалахыг сонсож өнгөрүүлэв. Энэ аниргүй байдлыг тэр ашгүй эвдлээ.
-Сондортой өнгөрсөн зун хальт үерхэж байгаад салсан юм. Одоо тэр миний найз охин биш. Гэхдээ миний найзуудын нэг гэх үү дээ. Хааяа эмэгтэй хүний үг хэрэг болох юм байна ш дээ.
-Сондортой хэр удаан үерхсэн юм?
Долоо хоног л гэж битгий хэлээсэй хэмээн би дотроо залбирч байлаа.
-Хоёр сар л болсон байх.
-Яагаад салчихсан юм?
-Миний найз бүсгүй байж чадаагүй юм.
Энэ үг миний урмыг бага зэрэг хугалав. Чадаагүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Түүн шиг дур булаам, эелдэг, гоё биетэй охин чадаагүй юм бол…би чадна гэж үү?
Гэнэт утас маань дуугарч бодлыг минь сатааруулав. Дэлгэцэн дээрх “Стресс” гэсэн нэр мэдрэлийг минь хоромхон зуурт стресстүүлчихлээ. Би түүнээс тэгтлээ төвөгшөөх болсоор удсан. Би дуудлагыг тасалчихав.
-Яагаад утсаа авахгүй байгаа юм?
-Аан…Стресс залгаад.
Тэр над руу инээмсэглэн харснаа –Стресс гэж нэр нь юм уу? хэмээн хөгжилтэй өнгө аясаар асуув. Тэр зэвүүрхэж, дорд үзэж, ихэрхэж инээсэнгүй. Тэр жинхэнээсээ инээж байлаа.
-Зүгээр л би тэгээд нэрлэчихсэн юм. Тэрэнтэй уулзахаар стресст ороод байдаг юм.
-Чамд бас дургүй хүн байдаг байх нь ээ. Хөгжилтэй л юм.
-Хэхэ. Юу гэсэн үг үү?
-Чамайг аав ээжийн сайн охин юм байх гэж бодсон чинь л.
Намайг иймэрхүү маягаар тодорхойлоход ямар дургүй гээч…
Бид явсаар орцны минь үүдэнд ирлээ. Гадаах сандал дээр Зоригоо бас л нэг юм гуйх аятай сууж байхыг хараад би санаа алдан түүнд харагдахгүйгээр гэртээ орчих зам олохыг хичээлээ. Буцаад сургууль руугаа очих талаар ч бодож үзэв.
-Энэ нөгөө Стресс юм уу?
-Тийн. Чи яаж мэдсэн юм?
-Чи тэрнийг хараад л стресст ороод байна ш д.
-Буугаад уулздаг л байх даа.
-Дургүй хүнтэйгээ заавал уулзаж яах юм? Тоохгүй л гэрлүүгээ орчихгүй юу.
-За за хүргэж өгсөнд баярлалаа. Маргааш уулзъя. Болгоомжтой яваарай гэж хэлээд би Зоригоотой “улаан нүүрээрээ таарах”-аас өөр замгүйгээ мэдрэн машинаас буулаа. Гүн хар өнгийн бенз ухарснаа, зүгээ өөрчлөн цааш давхив.
-Зулаа, хайрт минь ямар орой ирж байх юм? Бас чи сая хэний машинаас буусан бэ?
-Чамд хамаагүй ээ. Яах гэж ирсэн юм?
-Уулзахаар ирж болдоггүй юм уу? Ирэнгүүт л хөөгөөд унах юм?
Амнаасаа спиртийн эхүүн үнэр ханхлуулсан Зоригоо хөл дээрээ бага зэрэг дайвалзана.
-Чи архи уучихаа юу?
-Загнах гээд байна уу даа? Би чамтай нэг оройг сайхан өнгөрүүлье гэж бодоод л ирж байхад чинь. Хоёулаа танайд оръё тэгэх үү? гэж халтар бултар хэлээд тэр намайг үнсэхийг завдахад би түүний уруулыг цаашаа түлхэж амжив.
-Гэр лүүгээ харь аа. Чамайг гэртээ оруулахгүй.
-Чи дотроо дуртай байгаа юм байж юундаа маяглаад байгаа юм? гэмэгцээ түүний гар яах ийхийн зуургүй намайг тэврээд авлаа. Би хичнээн тавиулахыг оролдсон ч хүчирсэнгүй. Тэр намайг орц луу оруулснаа
-Миний сэтгэл санаа муу байна. Чи өнөөдөр надтай ганц удаа хамт хоночих за юу? Чамайг харин ч оролдохгүй, удаан тэвчсэн шүү хэмээн хэлээд шуналтсан харцаар намайг айдаст автуулав. Арай ч тэгчихгүй байлгүй дээ?…
Архи ханхалсан уруулнаас нь би нүүрээ сэгсчин зайлуулж байсан ч, түүний гар цамцин доогуур минь аль хэдийн шургачихсан байв. Орилъё гэтэл түүний ширүүн, нойтон уруул минийхийг таглачихлаа. Хэн нэгэн гарч ирээсэй хэмээн би дотроо залбирна. Ядаж надаас хэрэс хэтэрсэн юм хүсдэггүйд нь итгэж өдийг хүртэл түүнд туслаж ирсэндээ дотроо аймшигтай их харамсав. Миний цамцны товч тайлагдахын даваан дээр түүний цээж минийхээс огцом хөндийрлөө. Нүдээ нээгээд хартал Төрөө Зоригоогийн шанаа руу атгасан гараа хүчтэй далайж байгаа нь харагдав. Би яагаад ч юм “Төрөө битгий” гээд чанга хэлчихлээ.
-Яагаад? Энэ новш чамайг хүчиндэх гэж байна ш д.
-Яахым бэ. Зүгээр л явуулчих.
Стрессийг өмөөрсөндөө би өөрөө өөрийгөө гайхав. Би түүнийг өрөвдсөн юм байх даа. Үгүй ээ. Аавыг нь л өрөвдсөн юм байна. Намайг ингэчихээд байхад нь хүртэл түүнийг бодож байдаг. Би ёстой тэнэг юм аа.
Шалан дээр унахдаа толгойгоо шатны бариулд яльгүй цохьсон Стресс “Ёооё” гэж хэлээд Төрөөгийн өөдөөс нэг үг ч хэлж чадалгүй, над руу нүднийхээ үзүүрээр харснаа гараад явчихав. Ийм л хулчгар амьтан даа.
-Чи гар утсаа сандлан дээр үлдээчихсэн байна лээ.
Төрөө халааснаасаа миний утсыг гарган надад өгөхдөө нэг л санаа нь амарсан, тайвширсан байртай харагдав.
-Өө. Баярлалаа.
-Ачийг чинь л хариулж байна ш дээ. Саяных чиний юу юм?
Тархины минь хаанаас ч юм хөгжилтэй зан сэргэн ирээд “Харин миний Стресс л байхгүй юу” гээд хэлчихлээ. Төрөө ч бас миний энэ үгэнд инээд нь хүрсэн бололтой над руу харснаа “Наад цамцаа” гэж хэлчихээд цаашаа харав. Энгэрийн минь товч хагас тайлагдаж, дотроос нь миний хөхний даруулга цухуйчихсан байхыг би хараад хурдхан товчилов.
-Чи орж цай уугаад гарах уу?
-Тэгсэн ч яахав.
Лифт засварт орсон байсан болохоор бид хоёр таван давхар луу шатаар явлаа. Өгсөх замдаа би түүнд улам их хайртай болж байгаагаа сэтгэлийнхээ гүнээс мэдрэх шиг болсон юм. Хажуунаас нь хараад явж байхад л зүрх догдолж, хоромхон зуурт намайг жаргалтай болгодог тэр царай.
Би түүнийг гэртээ оруулаад жимсний шүүс, тавгийн идээгээр дайллаа. Тэр надаас ойр зуурын ганц хоёр юм асууж байснаа миний 6-р ангидаа авахуулсан жаазтай зураг дээр тогтож харав.
-Улаан хацартай байгаа биз? гэж хэлээд намайг инээхэд тэр
-Тийм байна. Гэхдээ чи миний таньдаг нэг охинтой харах тусам их адилхан санагдаад байх юм.
-Хэнтэй?
-Тэрийг хэлвэл чи шоолох байлгүй.
-Яасан? Тийм шоолмоор охин юм уу?
-Үгүй ээ, үгүй. Зүгээр…Би царайг нь нэг их сайн санадаггүй ч гэсэн хоёрдугаар ангидаа нэг охинд таалагдах гээд л хичээдэг байсан юм. Тэр нь тэгээд намайг тоохгүй ээ, бас. Хичээл дээр анхаарлыг нь татах гээд, үзэг балыг нь авч нуугаад, үснээс нь зулгаагаад л…Намайг ч лав сахилгагүй хүүхэд л гэж хардаг байсан биз.
-Чи юу? Хэхэ. Инээдтэй юм.
-Харин тийн. Өөр найрчих арга мэдэхгүй л байсан юм шиг байгаан. Одоо нэрийг нь ч санадаггүй. Тэгсэн чинь нэг өдөр л тэр охин гэнэт шилжчихсэн. Би шилжсэн өдөр нь тэрүүхэндээ аймар гуниглаж билээ. Жоохон юм байж…Хичээл дээрээ тэр охины тухай бодоод л. Санаашраад л. Түүнийг өнгө будгаар зураад л суучихдаг байсан. Уг нь 6-р анги хүртлээ царайг нь санадаг л байсан юм. Гэхдээ саяхныг хүртэл мартчихсан байсан чинь чи тэр охиныг санагдуулаад.
-Би юу? Юу нь?
-Эртээд танай гэрт чамайг ойроос харахад гэнэт л тэр охин бодогдсон. Яг юу нь гэдгийг сайн мэдэхгүй л юм. Биш л байх л даа. Гэхдээ чи хоёрдугаар ангидаа ямар сургуульд сурч байсан бэ?
-Мэдэхгүй юм аа. Би бага ангидаа их олон сургууль дамжсан л гэдэг юм.
Энэ үед би өөрийнхөө бүх ой ухааныг онгичиж байгаад сурч байсан сургуулиа олохыг маш ихээр хүслээ. Гэвч тэгж болохгүй юм даа…
-Аан тийм. Би яг шилжихийнх нь өмнөх өдөр тэрний цүнхнээсээ салгадаггүй байсан жижигхэн хүүхэлдэйг маргааш өгье гэж бодоод авч нууж байсан. Тэр хүүхэлдэй одоо хүртэл гэрт байж л байдаг. Хааяа харахаар бага нас бодогдоод хөөрхөн байдаг. Хаалганы хонх жин жин дуугаран түүний яриаг тасалдууллаа.
-Манай эгч ирж байх шиг байна.
-Аан тийм үү? Заза. Би ч явъя даа.
Хаалгаа шууд тайлаад өгтөл –Тэрбиш гуайнх мөн үү? гэсээр настай байрын эгч зогсож байлаа.
-Биш ээ. Та хаалга андуурсан байна.
Үүдээ хаагаад эргэж харахад тэр аль хэдийн гутал, гадуур хувцсаа өмсчихсөн зогсож байва. Үнэндээ Төрөөг явуулмааргүй л байлаа.
-За за. Жинхэнээсээ маргааш уулзъя. Түрүүний явдалд баярлалаа.
-За за. Түүнийг энэ удаад над руу харахад дотроо нэг л юм хүлээсэн хүний харцыг олж харав. Тэгснээ харцаа буулгаад харанхуй шатаар доош алхлан буулаа. Би хаалгаа хаамагцаа түрүүн ярьсан юмнуудыг цэгцлэн бодов. Хоёрдугаар анги. Шохоорхол. Хүүхэлдэй…Намайг дөрвөн настай байхад эмээгийн авч өгсөн гарын алганы чинээ жижигхэн хүүхэлдэй санаанд минь буулаа. Тэр хүүхэлдэйг би яачихлаа? Нээрээ гэнэт алга болчихсон ш дээ. Хүүхэлдэйгээ гээчихсэн гээд ээждээ гомдоллож уйлж байснаа ч санав. Би хаалгаа онгойлгон гэрийнхээ шаахайтай Төрөөгийн хойноос ухаан жолоогүй гүйлээ.
Ашгүй тэр хоёр давхрын ойролцоо бууж байв.
-Би юмаа орхичихож уу?
-Нөгөө…тэр хүүхэлдэй чинь ямархуу юм?
-Тэр үү? Ягаан платьетэй, шар үстэй, тэгээд обруж зүүчихсэн байсан байх аа. Тэгээд чинь…
-Тэгээд хормойн дээрээ “З” үсэг хатгаад оёчихсон уу? Мөн үү?
-Тийм ш дээ. Чи…
Энэ л мөчид би зөвхөн түүний гадаад үзэмжинд дурлаагүй гэдгээ ойлгов. Миний түүнд эрхгүй татагдаад байсан далд учрыг олж нээх шиг мэдрэмж төрлөө. Бид хоёр учрах тавилантай байж…
Үргэлжлэл бий…

This entry was posted in Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s