Хайрлая /3-р хэсэг/

Image hosting by IMGBoot.com
Тунел өөд Төрөөг түшин харьж явахдаа би анх удаа эгч бид хоёрт тусдаа байр авч өгсөн аав ээждээ хачин их баярлав. Өнөөдөр бас эгчийн найзынх нь төрсөн өдөр болохоор би ганцаараа, тайван түүнийгээ асрах боломжтой болно. Энэ хооронд тэр юу ч дуугарсангүй. Үүнд нь ч би эвгүйцэж, бишүүрхсэнгүй. Надтай юм ярих сөхөөгүй яваа байлгүй. Би намайг өөрийн ухаангүй юм шиг инээхэд хүргэдэг сайхан царай, ханхар биенийх нь аль нэг хэсэг гэмтчихсэн байх вий гэдэгт л хамаг санаагаа зовоож явлаа. Таван давхар орон сууцны шатаар өгссөр яваад гэртээ орлоо. Төрөөг том өрөөнийхөө диван дээр эвтэйхэн гэгч нь суулгаад, царайг нь гэрэлд харахад азаар мөрөндөө шалбархайтай болсноос өөр гэмтэлгүй байв. Шархыг нь цэвэрлэж, лент нааж өгөх ажлыг би дуртай нь аргагүй хийлээ. Түүнийг нэг үдэш асрах боломжны төлөөсөнд өөрийн 3 сурах бичиг авах ёстой байсан мөнгөө өгч орхисондоо огт харамссангүй. Төрөөг л аюулаас аварч байвал би түүнээс ч илүүг хийж чадна…
Би гэртээ хөглөрөөд байсан аяга шанагаа хураангаа түүнийг энэ их зодооны дараа өлсөж байгаа гэдгийг саналаа.
-Би чамд хоол хийгээд өгөх үү? Ямар хоол идмээр байна?
-Чи надаас юу хүсээд байгаа юм?
Түрүүнээс хойш огт нээж өгөхгүй байсан амаараа тэр надаас ингэж асуугаад, нүд лүү минь чухал гэгч нь ширтэв. “Найз охин чинь болохыг” гэж дотроо бодоод, энэ үгийг ам алдаад хэлчихвий гэсэн шиг би өөрийн мэдэлгүй уруулаа хазаж, гартаа байсан шаазангаа чанга атгав. Төрөө гэнэт диван дээрээс босч ирээд, над луу ширтсэн чигтээ аажим аажмаар ойртож ирэв. Түүний алхааны түрэлтэнд би ухарч байлаа. Амьсгаа минь түрэгсэж, нүдээ ч цавчлахаа мартах шахаж байх шиг. Намайг хана хүртэл тулгаад, үнсэх нь үү гэмээр бөхийж ирснээ “Надтай үерхэхийг хүсээ юу” гэж шивнэх шахам асуух нь тэр. Би юу ч хэлж чадсангүй. Тийм гэсэн хариу цээжин дээр тээглэж байв. Бид хоёрын уруулуудын хооронд хэдхэн мм-ийн зай…Бид нэг агаараар амьсгалж байна…
-Би чамайг унтаад л хаяна ш дээ, тэгсэн ч үерхмээр байгаа юм уу? гэж хэлээд тэр надаас хариулт хүлээгээгүйн илт байдлаар харав. Амьсгал минь улам бүр түргэссээр байлаа. Түүний хурц байдал одоо намайг бага зэрэг айлгаж би нүдээ анилаа. Хэдэн хормын дараа тэр намайг үнсэнэ гэдгийг би мэдэж байв. Харин түүнээс цааш юу болохыг мэдэхгүй. Магадгүй тэр одоо миний хувцсыг уран тайлж эхэлсэн ч би эсэргүүцэл үзүүлж чадахгүй гэдгээ юу юунаас илүүгээр мэдрэн, энэ байдалдаа ямар ч дүгнэлт хийх ухаангүй сул…зүгээр л сул, бүхнээ түүнд зориулж байгаа мэт зогсож байв.
Хэдэн хором нь хэдийнэ өнгөрлөө. Миний төсөөлж байсан шиг зүйл болсонгүй. Намайг нүдээ нээхэд тэр харин над руу түрүүчийнхээс илүү гүн, намайг урд нь хаа нэгтээ танидаг байсан мэт харцаар цоолох шахам харж угтав. Тэгснээ надаас биеэ огцом хөндийрүүлэн холдоод, “Чи өөртэйгөө адилхан даруухан хөөрхөн залуу олж аваад үерх. Надтай орооцолдоод байлгүй.” Хэмээн хүйтэвтэр өнгө аяс гаргахыг албаар хичээсэн хоолойгоор хэлэн гарахыг завдлаа.
-Явах гэж байгаа юм уу? Би чамд хоол хийх гээд бэлдчихсэн. Одоо гарвал нөгөө цагдаа, бас танхай залуучууд отоод хүлээж байвал яах юм бэ? Шууд гарчихаж болохгүй ш дээ. Энд жаахан байсан нь дээр байх…
Үнэндээ би түүнийг үлдээх байх арга, шалтгаа олж ядав. Энэ үгсийг дунд нь нэг ч зай, амьсгаа авалгүй дуржигнуулчихлаа. Тэр миний үгийг сонсолгүй хаалгаар гараад явчихав. Гарах гээд байсан нулимас аль хэдийн гарчихсан байв. Уг нь уйлах шалтгаан байгаагүй л юмсан. Би яагаад ч юм нэг том шалгалтанд ороод, уначихсан бага ангийн хүүхэд шиг л гар хуруугаараа оролдож, нэг юмыг гөлрөн суулаа.

This entry was posted in Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s