Хайрлая /2-р хэсэг/

Image hosting by IMGBoot.com
Цагаан футболкны цаанаас товойж байгаа булчинг нь анзаарах зуур түүний харц над дээр тусах нь тэр. Балмагдаж гүйцлээ. Халааснаасаа утсаа гаргах яг тэр мөчид дуудлага ирж тааран намайг агшин зуурын улайлтаас аврав. “Стресс” гэсэн нэр дэлгэцэн дээр минь гарчээ. Түүнээс өөр хүн байсан бол би зуун хувь баярлах байлаа.
-Байна
-Байна уу? хайраа Зоригоо байна.
-За?
-Би энд хүний машин шүргэчихлээ. Хайрдаа хэдэн цаас байвал өгөөч. Эндээсээ тохиролцох гэсэн юм.
-Хаана байгаа юм?
-Их дэлгүүрийн урд.
Би түүнээс 6 сарын өмнө салсан л даа. Харин тэр надаас салахгүй байгаа юм. Өөр охинтой нялуурч байгаад баригдсан арчаагүй новш. Даанч түүний аав нь манай ээжийн хамгийн сайн найз нь байгаад, саяхан өнгөрсөн. Ээж өнчирсөн амьтанд түшиг болоорой гэж захьсныг бодохоор хүн чанар зулгаагаад байдаг юм. Миний хамгийн гомдолтой явдаг зүйл бол тэр мөнгө юм уу, өөр ямар нэг юм гуйх үедээ л залгаж сүйд болно. Нэг удаа “Охин жирэмсэн болгочихсон. Абортонд оруулах мөнгө хэрэгтэй байна” гэж ирж байсныг нь бодохоор дургүй хүрдэг ч, ээжийнхээ сэтгэлийг бодсоор хэтрүүлчихсэн бололтой. “Стресс” –ийг мөнгө асуух бүрт миний түрийвч “Түүнд өгөөрэй” гэсэн шиг хоосонгүй явахыг нь яана.
-Очихоос доо гэж хэлээд би утсаа тасаллаа. “Өнөөх” залуу хэдийнэ алга болчихсон байв. Маргааш танилцах завдал гарна гэдэгт найдаад Их дэлгүүрийг зүглэлээ.

***

Тэр гурав хоног хичээлдээ ирсэнгүй. Таван минут болов уу үгүй юу, ирсэн үгүйг нь харцаараа бүртгэсээр би ч өөрөөсөө залхаж гүйцлээ. Гэвч энэ хооронд би ангийнхнаасаа түүний нэрийг Төрөө гэдгийг олж мэдсэн нь миний хувьд нэг ч гэсэн дэвшил байлаа. Нэг бүсгүйтэй долоо хоног л тэсдэг гэж тэдний ярихыг дуулаад тэр олон найз охидынх нь жагсаалтанд долоо хоног ч гэсэн хамаагүй багтахсан гэж чин сэтгэлээсээ хүслээ. 24 цагийн турш миний бодол ердөө 3 юмыг л тойрон, цикл үүсгэсэн байв. Төрөө, Төрөөгийн харц, гурав дахь нь Төрөөгийн инээд.

Баасан гаригийн өглөө хичээлдээ ирэхэд миний сүүлийн гурван хоногт үнэхээр их санасан тэр царай угтав. Баярласандаа золтой л гүйж очоод тэвэрчихсэнгүй. Харин түүний хажууд, бүсгүй хүний бор шаргал үс нүдний үзүүрт харагдав. Төрөөгийн тэвэрт Сондор жаргалтай нь аргагүй мишээчихсэн, хацарнаасаа улаа бутраачихсан зогсож байлаа. Хоёрын хоёр дур булаам хүн нэг дор, бие биендээ наалдчихсан зогсохыг харахад атаархмаар. Сондор намайг ирснийг хараад гараараа даллахад нь би анги руу эрхий хуруугаараа зааж инээгээд, орчихлоо.
Санаа алдалт…Ийм л үед би гэдсээ амттанаар дүүргэдэг зуршилтай. Гэрээсээ авч гарсан сникерс, самартай үрэл, иштэй чихэр тэргүүтнээ ар араас нь бушуухан идлээ. Тэгэнгээ одоо орох англи хэлний дүрмийн хичээлийн номоо нээн эхний хуудсыг унших гэсэн боловч, оюун ухаанд минь багтаах зай алга байх шиг. “Present Perfect tense is…” гэж эхэлсэн өгүүлбрийг хэдэн ч удаа уншив даа. Нэг сэхээ ороод цагаа хартал завсарлах дөхчихсөн байв. Энэ багш намайг шилжиж ирснээс хойш хоёр дахиа цонхолж байгаа нь энэ. “Төрөө шиг хэнэггүй гар юм аа” гэж бодоод, яагаад ч юм шоолонгуй инээлээ.
Тав дахь өдөр болгон би дараа долоо хоногийнхоо бүх даалгаврыг хийдэг зуршлаараа номын санд гэгээ тасартал суулаа. Оройны 9 цаг гэхэд сургуулиас гаран, Сансар өөд алхаж явтал байшингийн булангийн цаана түр, тар хийх чимээ гарав. Наанаас нь сэм хартал миний үеийн зургаан залуу, нэг хүнийг нүүр нүдгүй цохиж байлаа. Өөрийгөө хамгаалах гэж оролдовч, бусад нь тоогоор илүү болохоор яаж ч чадахгүй байгаа бололтой. Нөгөө талаар нь тойроод явъя гэж бодон эргэх гэтэл, хэдхэн хоногийн өмнө анх сонссон ч хэдэн жилийн өмнөөс мэддэг байсан юм шиг дэндүү танил хоолой сонсогдлоо. Дахиад сайн харахад Төрөө үл таних залуусын дунд байрны хана налаад явган суучихсан шүлсээ хаяж байх юм. Духнаас нь хөлс, цусын аль нь үл мэдэгдэх юм дусална. Түүнд туслахаар замд харагдаж байсан “Хөдөлгөөнт эргүүл”-ийн машин руу гүйлээ.
Хэв журмынхныг ирэхэд Төрөөгөөс бусад нь зугтчихав. Нэг цагдаа нь Төрөөг барин авч явахыг завдахад нь би бушуухан очоод
-Энэ миний нөхөр байгаа юм аа. Бүлэглэн дээрэмдэж байсан юм шиг байна лээ. Түүнийг авч явах хэрэг байхгүй ш дээ. Хохирогч байгаа юм. хэмээн би хормын дотор тайлбарлан дуржигнууллаа.
-Аа, хэн нь ч хэнийгээ дээрэмдсэн юм билээ. Байцаалт авах ёстой юмсан. Гэхдээ яахав…гэж хэлээд цагдааг гараа имрэхэд нь би түрийвчнээсээ 30 мянган төгрөг гаргаж өглөө. Хэргээс мултласанд нь санаа амарсан би Төрөөгийн гарыг мөрөөрөө үүрээд, гэртээ ойрхон ирсэн байсан тул юу ч болсон түүнийг аваачиж шархыг нь цэвэрлэхээр шийдлээ.
Үргэлжлэл бий

This entry was posted in Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s