Хайрлая /1-р хэсэг/

Image hosting by IMGBoot.com

Бага зэрэг сандарч байна. Гурван настайдаа анх хүүхдийн цэцэрлгийн босгыг даваад, ээжийнхээ хормойноос зуурч байсан минь санаанд оров. Яг л тэр мэдрэмж, ялихгүй чичрээ, мөн хаалганы цаана намайг юу хүлээж байгаа бол гэхээс тэсэн ядах догдлол. Тэр үеэс ялгаатай нь би энэ удаа хэн нэгний хормойноос биш, сэтгэлийнхээ булангаас чанга гэгч нь “зуурч” байв.

Орохоосоо өмнө өөрийгөө коридорын том толинд дахин нэг удаа хараад авав. Дал шүргэсэн шоколадан бор үсээ задгай тавин индүүдсэн минь дажгүй зохижээ. Хувцаслалтын хувьд ч бас муугүй шүү. Шинэ ангид шилжиж ирсэн эхний өглөө би тэрүүхэндээ л эрт босож өөрийгөө тордсон юм. Ганц найзынхаа зөвлөснөөр уртаа гэгчийн амьсгаа аваад би МУИС-ын англи хэлний танхимын хаалгыг татлаа. Багш нь хараахан ирээгүй бололтой, оюутнууд хэд хэдээрээ бөөгнөрөн хөөрөлдөж байв.

Миний өмнө жил суралцсан хуулийн ангиас нэг их ялгаагүй юм шиг. Оюутнуудын ярьдаг нийтлэг дөрвөн сэдэв чих дэлсэнэ. Охид нь хөвгүүдийн талаар, хөвгүүд нь сексийн талаар, зарим нь мөнгө, мэр сэр нь хичээлийн тухай ам уралдацгаадаг… Би ганцаархнаа сул үлдсэн баруун салааны 2 дахь ширээний ард суув. Өнгөцхөн харахад айлын шоовдор хүүхдийг санагдуулмаар. “Цэвэрхэн л юм байна даг” гэж сэтгэл ханамжтай нь аргагүй бодоод цүнхээ өнөөх ширээн дээр тавьтал тавцан нь ойчоод өгөв. Хэнд ч тоогдоогүйнх нь учрыг одоо л ойлголоо.

Удсан ч үгүй магнайдаа бага зэрэг халцарсан ч нүдээрээ дүүрэн инээмсэглэл тээсэн, харваас багш болов уу гэмээр хижээл насны эр үүдээр орж ирлээ. Түүний байсан байгаагүй ер хэнд ч падгүй бололтой, оюутнууд дор дороо өнөөх хэдэн сэдэвтээ эргэлдэн шуугилдсаар. Багш мишээсэн чигээрээ яг одоо 30 минутын дүрмийн тест бөглөхийг шаардангаа, ширээ бүрд хоёр хоёр цаас тарааж эхлэхэд л сая чимээ намдав.

Цаасыг эргүүлж тойруулан суух зуур гэнэт хаалга онгойх чимээнээр миний нүд үл таних өндөр залуугийн сайхан төрхөнд олзлогдлоо. Өөрийн жолоогүй түүнийг дагуулан харав. Харцаа зайлуулах гэсэн боловч хормын төдийд түүн лүү нүд алдчихаад болохгүй байлаа. Чих ч дүлийрэх шиг. Зүрхний цохилт хэт тод дуулдаад, би эргэн тойрноо огт сонсохгүй байгаа юм болов уу? Тэр харсаар байтал намайг чиглэн ирээд, хажууд суучихлаа. Одоо би харцаа хүчээр холдуулахаас өөр аргагүй. Үгүй бол тэр намайг “гөлрөө” өвчтэй гэж бодоод ,алтан боломж үргэчих байсан биз.

-Заавал энэ эвдэрхий ширээн дээр суулгах гээд байх юм хэмээн тэр амандаа үл мэдэг хэлээд, олон жилийн настай гэмээр сандлыг хойш нь тултал налав. Багшийн хойно гуравлаж суухгүй гэсэн анхааруулгыг сонсоод л, миний дэргэд суусан байх нь. Тийм дээ. Намайг сонирхсондоо л ирсэн байв гэж. Ингэж бодоод би дотроо бараг л асах шахаж байсан горьдлогын галаа унтраалаа. Ядаж байхад ямар гоё нүд, уруул вэ? Одоо ч өнөөх гал аль хэдийн үнс болсон биз.

Шалгалт эхэллээ. Англи хэл миний хэзээний дуртай хичээл байсан тул би төвөггүйхэн хийчихээд ойр тойрноо ажиж суув. Хураалгахынхаа өмнө түүний материал руу хартал хүний урманд нэг зураас ч тавиагүй хээв нэг сууж байлаа.

-Хөөе Шинэ охион? Ингэж дуудахад нь түүний хурц шанаа, зөөлөн шаргал арьс гэдэснээс дээшээ юуг ч юм жирсхийлгэв. Тестийн цаас руу эрүүгээрээ дохиод “Энийг надад хийгээд өг тэгэх үү?” гэж хэлэхдээ тэр огтхон ч гуйсан шинжгүй байлаа. Намайг угаасаа л зөвшөөрнө гэдгийг мэдэж байсан аятай. Эсвэл ерөөсөө түүний гуйлтанд хэн ч татгалздаггүй байх?
Шалгалтыг нь хийсний дараа тэр мөрийг минь чанга алгадаад “Аминд орлоо шүү. Баярлалаа” гэлээ. Энэ үйлдэл нь намайг яг л өөрийнх нь эрэгтэй найз шиг сэтгэгдэлтэй үлдээсэн ч би түүнд тусалсандаа баяртай байлаа.

Тэр хичээлийн бусад цагуудад харагдсангүй. Эхний өдөр ийм олон паар орсон нь залхуутай санагдсан ч би энэ хооронд хэд хэдэн найзтай болоод амжсан. Нэг нь маш хөөрхөн, наалинхай ааштай, хэн хүний анхаарлыг татахаар охин. Нэрийг нь Сондор гэнэ. Харин бусад нь над шиг л жирийн л охид. Бас над шиг л жирийн нэртэй.

Сургуулийн үүднээс шинэ найзууддаа баяртай гэж хэлчихээд алхаж байтал замын хажуу талд өнөөх “төгс инээмсэглэдэг залуу” гүн хар өнгийн шинэ загварын бенз машины нээлттэй хаалганы наана зогсож байв. “Өнөөх” гэнэ шүү. Ядаж өнөөдөр нэрийг нь ч олж мэдэж чадаагүйдээ харамсав.Машин нь яг л эзэнтэйгээ адилхан юм. Цэмбэгэр, гялалзсан, үнэтэй бас ховорхон. “Нэг хүнд яагаад ийм олон сайхан юм зэрэг заяадаг байна аа?” гэж надад эрхгүй бодогдлоо.
Үргэлжлэл бий…

This entry was posted in Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s