Давтагдана /1-р хэсэг/

Т.Аззаяа
Тор дүүрэн хүнс хажуудаа овоолчихоод амандаа “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би” хэмээн аялангаа жолоогоо эргүүлэх бүсгүйн төрх сайхан. Тэр үнэхээр л цэцэг шиг хөөрхөн болжээ.
Photobucket
Өнөө өглөө хийлгэсэн сул долгионтой буржгар хими нь түүний үсэнд төрөлхийн мэт сайхан зохисны хажуугаар болсон гүзээлзгэний өнгөтэй улаахан урууландаа үе үе юуг ч юм шивэгнэх нь ялдам.
Дөчин нас шүргэж яваа гаднаас нь харахад дутах юмгүй энэ эмэгтэйн нэрийг Урнаа гэнэ. Гэвч 16 өрөө тохилог орон сууцныхаа хамгийн цаад талын өрөөг харахаар нэг л гунигтай болчихдог зантай. Дотор нь байдаг хэзээ нэг эзэнтэй болох нь мэдэгдэхгүй чихмэл бамбарууш, дүүжинтэй ор, шажигнадаг тоглоомууд сэтгэлийг нь хатгаад авдаг учир тэр аль болох гадуур цаг нөхцөөхийг илүүд үзнэ. Уг нь түүнд нөхөр байгаа. Байх байхдаа томоохон байгууллагын ахлах менежрийн ажилтай, сардаа сая таван зуугийн орлоготой, архи тамхи руу хавьтдаггүй, тохьтой томоотой сайхан хань бий. Харин түүнтэй нэг гэрт ороод 18 жил болсон ч үр хүүхэд заяагаагүйн учрыг тэр гэнэн томоогүй насандаа хийсэн нүглийнхээ үйлийн үр хэмээн ойлгож өөрийгөө зүхнэ.
Замын түгжрэлээс болоод бүтэн цаг өнгөрсөн ч урьднын барйнаасаа хөдлөөгүй шахуу түүний тэрэг урд талын автобусанд шахагдана мөлхөгнөнө. Гэвч энэ нь Урнаад ердөө ч тээр болсонгүй. Ингэж зогсох хооронд хэдэн юм амжуулаад авъя гэсэн шиг нүүрнийхээ энгэсгийг сэргээж, хумсаа засаж суув. Тэгэнгээ цонхоороо Улаанбаатар зочид буудлын машины зогсоолыг хартал нэгэн танил дүр төрх анхаарлыг нь татлаа. Нүдээ онийлгон сайн ажаадахсан ч таних нь байтугай зүс ч мэдэхгүй охин байлаа. Хормын дараа тэрхүү намрын сэрүүн цагаар хөлдөө зуны өсгийтэй сандааль угалчихсан, хөөрхөндүү царай, урт шаргал үстэй, бардам мэт харагдавч, нүднийх нь харц дэргэдүүрээ зөрөх эрчүүлийг царайчилсан байртай охин 20 жилийн өмнөх “Урнаа”-тай үнэхээр адилхан болохыг ухаарав.
Өөрийн эрхгүй хуучны өдрүүдийг нэхэн саналаа. Тэгэхэд тэр мөнгөгүй байсан. Анх өөрийг нь эргүүлдэг залуусын нэг нь ганц шөнийн хариуд зуун мянгыг өгөх санал тавихад зөвшөөрөхдөө өөрийгөө биеэ үнэлэгч болж байгааг анзаараагүй. “Анхны үйлчлүүлэгч” нь өөрийн хүрээний бүх эрчүүлд түүний талаар цухуйлгаж, сарын дараа гэхэд тэднээс Урнаа луу утасдаагүй, Урнаатай унтаагүй хүн үгүй болсон. Урнаа тэгэхэд оюутан байсан, гэнэн ч байсан. Бас одооныхоосоо илүү хөөрхөн байсан. Шөнө бүр өөр өөр машинтай, ганган залуус оюутны байрны гадаа ирээд аваад явахад, хойноос нь хараад хоцрох үеийнх нь охидын атаархал түүнд сайхан санагддаг байсан. Өглөө болгон “орлогожиж”, ангийнхаа найзуудын хэнийх нь ч зүүгээгүй эдлээгүйг эдлэж явахдаа тэр өөрийгөө жаргалтайд тооцдог байсан. Гэвч түүнд аажмаар үйлчлүүлэгч олдохоо больсон. Баян айлын эрх, дэгжин хөвгүүд түүнээр зугаагаа гаргахаа болихын цагт, түрийвчээ дүүрэн байлгаад сурчихсан түүнд зочид буудлын үүдэнд зогсохоос өөр зам үлдээгүй. Үлдээгүй ч гэж дээ, тэр өөр зам байдаг гэдгийг ухамсарлаагүй явсан юм. Гурван сарын турш үдэш бүр Баянголын үүдэнд, өөр рүү нь чиглэж ирсэн харцуулыг сугадаад явчихдаг байв. Түүнийг гудамжиндаа үнэтэйд тооцогдох биеэ үнэлэгчийн замаас нөхөр нь татаж авсан.
Өөрөөс нь 8 ах, нүдэн дулаахан тэр эр бусадтай адил Урнааг буудлын өрөөнөөс дахин уулзахгүйгээр үдэж болох байсан. Харин тэр нэг шөнийг хамт өнгөрүүлсний дараа өдөр бүр баглаа хонгорзул цэцэгтэй ирээд, гарас нь хөтлөн кино үзэж гудамжаар зугаалсаар Урнааг өөртөө дасгажээ. Хань нь түүнд анх удаа ямар эрхэм нандин эмэгтэй болохыг нь ойлгуулж өгсөн. Түүний ачаар Урнаа одоо анхнаасаа ихэс дээдсийн гэр бүлд өсөж торнисон мэт, алмаз монетоос өөр чимэг мэдэхгүй юм шиг амьдарч байгаа.
Энэ бүхнийг санах зуур урд талынх нь автобус хоёр метр хэртэй урагшилсныг хараад Урнаа жолоогоо шууд Улаанбаатар луу эргүүллээ.
/Үргэлжлэл бий/

This entry was posted in Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s