Бундын хатан /2-р хэсэг/

Т.Аззаяа
Image hosting by IMGBoot.com
ЭХЛЭЛ ХЭСГИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

Тэмүүжин нэг жилийн хугацаанд юу хийсэн тухайгаа нэгд нэггүй ярьж өгөв. Тэр нэг л мэдэхэд өөрөө ч анзааралгүй найз бүсгүйнхээ талаар ярьчихаад байв. Энэ нь намайг улам ч бухимдууллаа. Хэсэг хугацааны дараа тэр
–Чи сонин сайхнаа ярь л даа. Би л баахан юм ярьчихлаа. Ажиллаж байгаа юу? гэж асуув.
Юу гэж хариулахаа мэдэхээ больчихлоо. Би түрүү жил их сургуулиа төгсчихөөд ажил ч хийгээгүй юм л даа. Эрчүүдтэй зугаацаж, дэлгүүрээс дэлгүүр хэсэж, наргиж цэнгэсээр бүтэн жил өнгөрснийг би сая л анзаарч ухаарав. Аав ээж маань томоохон бизнес эрхэлдэг болохоор надад мөнгө олох шаардлага байсангүй. Ажлыг хойшлуулж явсаар өдий хүржээ.
-Энэ жил жаахан амарч, ядаргаагаа тайлъя гэж бодсон юм аа. Одоогоор ажилгүй л явна хэмээн амандаа дуулдах төдий хариуллаа.
-Аав ээж нь, бас Батаа ах нь сайн уу? Нээрээ Солонго Батаа ахтай нэг газар ажилладаг юм байна лээ хэмээн тэр дахиад л түүний тухай яриад эхлэв. Миний тэвчээр барагдлаа. Түрүүнээс хойш гарах гээд байсан нулимас тогтож дийлэхгүй болсон бололтой бөмбөрөөд эхлэв.
-Яасан бэ? Уйлаад байна уу даа? гээд тэр сальфеткаар хацрыг минь арчиж эхлэв. Нэгмөсөн шулуухан хэлчихье гэж бодоод би гар дахь бакалаа тавиад нүүр өөд нь эгцлэн харлаа.
-Тэмүүжээн? Би өнөөдөр энд яах чиний сэтгэлийг үгүйлсэндээ ирсэн юм. Надад хайртай гэдэг байсан биз дээ? 16 жилийн хайр чинь ийм өчүүхэн байсан юм уу? Хэзээд намайг тосоод, тэврээд авдаг найз дээрээ аргадуулах гэж иртэл надад шинэ найз бүсгүйнхээ талаар гайхуулж байх шив. Намайг зүгээр л мартчихаа юу? Чиний хувьд зүгээр нэг хүн болж хувирсандаа итгэхгүй байна. Миний оронд өөр хүн сэтгэлдээ тээж явдаг болсонд чинь үнэхээр их гомдож байна гэж бараг нэг амьсгаагаар шахуу хэлж орхилоо. Нулимас тогтох нь бүү хэл улам ч бүр асгараад байв. Тэр хэсэг чимээгүй доошоо харж байснаа
-Би чамайг мартчихсан юм шиг харагдаад байна уу? гээд түрийвчнийхээ нөгөө талаас хуучирч үнгэгдсэн нэг ширхэг хөзөр, миний зурагтай гаргаж ирэв.
-Бундын хатныг санаж байна уу? Би чамайг мартсан бол энэ хөзрийг хадгалж явна гэж үү? гэв. Би юу яриад байгааг нь ойлгохгүй байлаа.
-Чи санахгүй байгаа чинь илт байна. Хоёулаа 10 настайдаа зуслангийн гадаа бөмбөгөөр тоглож байтал чи уйтгартай байна гээд яваад өгсөн. Тэр үед чиний үс мөрөө дөнгөж шүргэсэн урттай, яг одооных шигээ тас хар өнгөтэй байсан. Шалбархай өвдөгтэй, жижигхэн ягаан өнгийн даашинзтай, цагаан үсний даруулга зүүчихсэн, нүдээрээ инээдэг хөөрхөн охин залхсан царай гаргаад дотогшоо орчихсон гэж хэлээд тэр ялимгүй гунигтай инээмсэглэл тодруулав.
-Би чамайг гомдоочихлоо гэж айхдаа дэлгүүрээс зайрмаг аваад аргадахаар орсонсон. Намайг ороход буйдан дээр үсээ самнаж байснаа зайрмаг авчирсныг хараад инээж билээ. Дараа нь намайг хөзрөөр мэргэлж өгнө гээд дэргэдээ суулгасан. Ямар юмных нь мэргэ байх вэ дээ. Зүгээр л тоглож байсан хэрэг. Намайг дотроо нэг асуулт бодоорой гэхэд чинь би чамайг надад сайн болов уу гэж дотроо хэнээс ч юм мэдэхгүй асуугаад сугалтал энэ Бундын хатан гарч ирсэн шүү дээ. Яахав, зүрхний зурагтай юм болохоор нь миний асуултанд “Тийм” гэсэн хариу гарлаа гэж итгээд хөл газар хүрэхгүй шахам болж байсан хэмээн тэр өнөөх хөзрөө эргүүлж тойруулан, бас л цаанаа бодлогширонгуй мушийлаа.
Түүнийг энэ тухай ярихад би гэнэт тэр өдрийг тов тодорхой саналаа. Түүнийг бундын хатан харчихаад инээгээд байхаар нь би юу шивнэж сугалсныг нь сониучирхан асууж байсан. Намайг өөртөө сайн эсэхийг асуусныг нь дуулаад “Битгий горьд” гэж хэлчихээд гараад явчихаж билээ. Нээрээ л миний өвдөг шалбарчихсан байсан. Тэр энэ бүхнийг одоо болтол санадаг юм гэж үү хэмээн бодоод би түүн лүү харлаа. Тэр үргэжлүүлэн
-Би чамд тийм жаахан байхаасаа хайртай байсан. Шохоорхол биш шүү. Энэ жинхэнэ хайр байсан. Харин чи намайг яаж гомдоож байснаа санахгүй байгаа биз дээ. Тэгсэн мөртлөө би чамайг мартсан юм шиг харагдлаа гэж үү. Чиний хувьд би үргэлж хэн нэгнийг орлох тоглоом байсан. Одоогоос 6 жилийн өмнө чи хажуу орцны залуутай үерхдэг байсан. Нэг өдөр чи түүнийг өөр охинтой явж байхыг хараад над дээр ирж уйлж байснаа санаж байна уу. Тэгэхэд би чамд хайртай гэдгээ хэлээд үерхэе гэж гуйсан ш дээ. Чи магадгүй хэтэрхий их гомдсондоо хариултаа андуураад хэлчихсэн байх. Гэхдээ чи тэгэхэд надад зөвшөөрсөн юм шүү. гэж хэлэхэд нь түүний хоолой ч мөн адил зангирч байгаа нь надад сонсогдов.

-Чиний хувьд хуурамч, миний хувьд жинхэнэ тэр үерхэлд төгсгөл гэж байгаагүй. Чамайг ядаж надад салъя гэж хэлчихээд түүнд тэврүүлсэн бол би баярлах байлаа. Гэтэл чи хуучин найз хөвгүүнтэйгээ эвлэрээд надтай үерхэж байснаа тэр чигтээ мартсан шүү дээ. Би чиний найз залуу байхад сийхгүй миний хажууд түүнийг тэвэрч байсан. Даарч байна гэж хэлэхдээ чи минийхийг биш түүний цамцыг нөмрөхийг хүссэн чинь илт байсан. Тэгэхэд л би өөрийгөө чиний хувьд хэн ч биш гэдгээ ойлгосон юм. Холбоогоо таслая гэж бодсон ч тэмдэглэлт өдөр болгоноор чамайг баярлуулахыг хүссэндээ бэлэг өгдөг байсан. Чамтай байсан хором, мөчийг би нүдэндээ одоо ч тодоор хардаг. Чиний өмссөн хувцас, хэлж байсан үг, хоолойны өнгө, инээмсэглэл гээд бүгдийг нэг бүрчлэн санадаг юм. Бүтэн 15 жилийн турш чамд шоовдорлогдож ирж дээ. Тэр өдөр ч урьдын адил чиний дуртай цэцгийг, даашинзтай хамт аваачиж өгчихөөд, гуниглангуй алхаж байхдаа Солонготой танилцсан. Одоо би түүнтэй гэрлэх болсондоо буруудлаа гэж үү? Насан турш чиний хойноос гөлөг мэт дагах ёстой байсан гэж үү? хэмээн тэр гарынхаа алгаар духаа тулан суулаа.
Хэлсэн үг болгон нь миний зүрх лүү зүүгээр хатгах шиг болж, өөрийн эрхгүй чангаар эхэр татан уйлчих гээд хамаг хүчээрээ тэвчиж суулаа. Урьд нь хэзээ ч санадаггүй байсан багын минь үйл явлууд нүдэнд тэр чигтээ харагдаж байсан юм. Бид хоёул чив чимээгүй хэдэн хормыг өнгөрөөв.
-Гэхдээ чиний анхны хайр чинь би биш гэж үү? хэмээн би гэм хийсэн хүүхэд шиг аяархан асуулаа.
-Ганцхан өөрөө тэр хүнд хайртай байна гэдэг жинхэнэ утгаараа “хайр” биш гэдгийг би ойлгосон. Тэр хүнээсээ эргүүлээд хайр халамжийг мэдэрч байж л хүний зүрхэнд “хайр” бүрэн үүд хаалгаа нээдэг юм билээ. Гэхдээ чамд маш их баярлалаа. Чиний ачаар л би Солонготой учирч, одоо аз жаргалыг мэдэрч байна хэмээн тэр хэллээ.
Энэ үгийг сонсох хүсэл надад үнэхээр байсангүй. “Үгүй ээ. Чи надад л хайртай шүү дээ.” гэж мянган удаа, эргээд надад сэтгэлтэй болтол нь хэлмээр санагдав.
Хэсэгтээ суусны дараа бид хоёул гэр гэртээ харих болцгоолоо.
–Хожимдсон ч гэсэн гомдоож явсанд уучлаарай гэж би хэлээд түүнийг найзын ёсоор тэвэрлээ. Хүзүүнээс нь балчир байхдаа хамт нэг савлуур дээр суугаад тоглодог байхад үнэртдэг байсан танил үнэр мэдрэгдэв. “Clair De Lune”-ээс гараад би утсаа хартал хэдэн цагийн өмнө салсан найз залуугийн минь дугаараас 7 дуудлага ирсэн байв…Түүн лүү эргүүлж залган уучлалт гуйхаар шийдээд утсаа барьсан чигтээ машин луугаа алхлаа. Миний дотроос нэг хүн “Шинээр эхлээрэй бүсгүй минь” гэж шивнэх шиг болов.
2010.06.21

This entry was posted in Дурласан бүсгүй, Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s