Хайр гэж юу юм бэ?

Хүмүүс энэ асуултанд цээжин дэх хамаг сайн сайхан үгсээ хамж шимж байгаад хариулдаг. Зарим нь нарийн тодорхойлох боломжгүй гэцгээдэг. Гэвч “хайр”-ыг хэн нэгэн бүрэн үгүйсгэж, зүхэж байсныг би сонсч байсангүй.
Photobucket
Учир нь дэлхийн хэдэн тэрбум хүмүүс бүгд хайрын хүчээр л мэндэлж, үр удмаа үлдээж, өөрийн түүхийн хуудсыг бичилцдэг учраас хэнд ч түүнийг муу хэлэх эрх байхгүй хэмээн бодно.

Хорвоод олон янзын хайр бий гэсэн үгийг бид залхтлаа сонсож байсан. Тэднээс энэ хуудаснаа зөвхөн амраг хосын хайрын талаар өөрийн мэдрэмжээ хуваалцахыг хүссэн юм. Зөвхөн аз жаргалтай төгсгөлийг зөгнөдөг дурлалын талаар юм шүү.

Арван жил, их сургуулийн алинд ч бидэнд хайрын талаар хичээл ордоггүй. Амьдрал өөрөө бидэнд хүнийг хайрлах урлагийг насан туршид нэг ч “завсарлагааны цаг”-гүйгээр нэг нэггүй зааж өгдөг.
Тийм ээ. Хүнийг хайрлана гэдэг бүхэлдээ урлаг. Хүний сэтгэл ганцхан эвгүй үгээр “хатгахад” цуурчихмаар, ширүүвтэрхэн харцаар “хөндөхөд” хагарчихмаар хэврэгхэн зүйл. Нэгэнт зүсэгдсэн зүрхийг дараа нь хичнээн энхрийлэвч шарх анина уу гэхээс, сорви арилдаггүй билээ.

Энэ урлагт суралцаагүй нь хэн нэгнийг өвтгөж, өөрөө өвдөхөөс хулчийсандаа цаг зуурын учралуудаар нүдээ баяссгаж, сэтгэлээ хуурч яваа хүмүүс олон. Хайр хэмээх гайхамшиг нь тэгш хэмтэй. Нэг талд нь өвдөлт байдаг ч нөгөө талд нь аз жаргал бий гэдгийг олж харахгүй байгаа бол өрөөсөн нүдээ сохлуулсантай адил.

Хайртай хүнээ харах төдийд л бүх зүйл өөрчлөгдөж, ямар ч зовлон бэрхшээл өчүүхэн мэт санагддаг. Яагаад гэвэл тэр таны хувьд хорвоогийн хамгийн сайхан зан чанарын цогцлол учраас. Тэр таны хувьд бүхэл бүтэн ертөнц учраас. Ертөнц бүхэлдээ таньд байхад өөр юу хүсэх билээ дээ. Иймээс л хайр биднийг жаргалтай болгодог юм. Сүсэглэж ирсэн өнөөх бурхан бус, дэлхийн татах хүч ч бус, зөвхөн тэр л таныг өдий хүртэл амьдруулж амьсгалуулж байсан гэдгийг ойлгоно.

Таны мэдээгүй олон асуултын хариу нэгэн зэрэг тайлагдах шиг л болно. Урьд нь өнгөрсөн амьдралынхаа тухай эргэцүүлдэг байсан бол хүн дурлахаараа ирээдүйнхээ талаар зураглан суудаг. Таныг гэсэн сэтгэлийнх нь хариуд юу өгөхөө ч олохгүй. Түүний төлөө зориулж чадах цорын ганц зүйл амь нас тань гэвэл та үхэхэд ч бэлэн болно. Энэ бол хайр. Хэрэв хайрын төлөө юуг ч золиослохгүй бол, та сүүлд нь илүү их зүйлийг алдах болно.

Төгс төгөлдрийг хүлээж суусаар, учирсан аавын хүү ээжийн охидыг гоочилж явсаар залуу насаа өнгөрөөдөг хүмүүсийг ч олонтаа харж байлаа. Тэгсээр эцэст нь өөрийг “буцаж яваа цаг” болсныг ухаармагцаа зүгээр л таарсан нэгэнтэйгээ ханилах эмгэнэлтэй биш гэж үү? Гэвч ингэж тэвчээртэй хүлээсэн хүн бүр алддаггүй. Бид амьдралынхаа алхам бүрт анзааргатай байхгүй бол олон алтан боломжууд хажуугаар урсан өнгөрсөөр байдаг. Ялангуяа идэр залуу насанд буруу алхам хийсэн ч алдах зүйл өтөл наснаас бага байдаг учир юунаас ч хоцрохгүй явсан хүн нь онодог юм шиг ээ. Хүмүүс төгс төгөлдрийг олсондоо бус, өөрийн хайртай хүнээ төгс төгөлдөр болгож хардагт хайр сэтгэлийн үнэн чанар оршдог гэдэгт итгэж байна.

This entry was posted in Дурласан бүсгүй. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s