Хориотой уруул…

Т.Аззаяа
Тэр миний хувьд хортой жимс байсан. Хазах хүсэл туйлын ихээр төрүүлэм. Хүртэж, амсаж болохгүй тийм л жимс. Гэвч би өөрийгөө барьж дийлэхгүй нь. Өөрийнхөө амьдралыг нөгөө ертөнцөөр солихыг хүссэндээ би эгц уулын орой дээр зогсож байна.
Image hosting by IMGBoot.com Ханаж цадталаа хайрлаж, хайрлуулахын тулд би ингэж шийдлээ. Бусад шиг дурлалаасаа зугтаж, биш дурлалдаа хүрэхийн тулд үхэл рүү тэмүүлсэн учраас энэ нүгэл биш.
Хожимдсон. Тэр жимсийг би тэсгэл алдаад аль хэдийн хазчихсан, одоо улам бүр шунан донтож байна. Амт нь ямар сайхан гээч. Түүний уруул.

***

Гэрийнхээ түлхүүрийг арай хийн онгойлгоод дотогш орлоо. “Энэ цоож ч уурыг минь барж байна шүү. Маргааш л хөрш айлын ахыг царайчилж янзлуулахаас” хэмээн бодсоор би гадуур хувцсаа тайлаад буйдан дээрээ суув. Гэр нь урьдын адил хувхай хоосон оргино.Эмгэнэлтэй ч юм шиг. Уйлмаар санагдвал тэврээд авах найз залуу байсангүй. Эр хүнгүйгээр хаалганыхаа цоожийг ч янзлах чадалгүй өөрийнхөө энэ арчаагүй байдлыг өрөвдөөд зурагт, компьютер, систем хөгжмөө бүгдийг нь ээлж ээлжээр нь асаав. Хар хайрцагнууд дотроос гарах хүний хоолойнууд бага ч гэсэн хань болдог учраас…
Шөнө нь “Хиртэлт” киног үзчихээд хөнжилдөө оров. Хүүхэд байхдаа хаа нэгтээгээс ханхүү орж ирээд дагуулаад яваасай гэж горьддог, түүнээсээ болоод шөнө болгон цонхоо онгойлгож унтдаг байсан минь санаанд оров. Ганц бие болохоор шөнө ч нойр хүрдэггүйсэн. Харин өнөөдөр ямар их эвшээлгэж, нозоорч байна аа. Үүрд унтахад ч бэлэн л байна шүү гэж бодсоор би нүдээ анилаа.

***

…Манан дунд ямар нэгэн амьтад дөрвөн мөчөөс минь хайр найргүй зулгаана. Тэдний цусны үнэрт улангассан царай нь нүд хальтрам. Амь тэмцсэн хашгирааныг минь хэн ч дуулахгүй. Хаанахынх нь үл мэдэгдэх араатан хурц соёогоо багахан шалбарч, цус дусалсан гарт минь юу юугүй зоох гэж байснаа гэнэт чанга орилоод зугтчихав. Тэднээс хүчтэй нь ирсэн бололтой. Бүх тэнхээгээ баран газар эвхрэн хэвтсэн намайг хэн нэгний гар дээр өргөж байгаа нь мэдэгдлээ. Хүйтэн, хүчтэй түүний гар намайг алдахгүй гэсэн аятай чанга тэврээд яваад л байлаа. Бие маань хөөрч байхыг бодоход би газраар биш тэнгэрээр явж байгаа бололтой. Нүдээ нээх гэж хичнээн хүчлээд чадсангүй. Би түүнийг зөвхөн намайг тэвэрсэн гар, салхинд сэвэгдэн анхилах үнэрээр нь л төсөөлөн явж байв…Түүний онцгой үнэр хаанахын ямар ч сүрчигнээс илүү дур өдөөм аж.
Аврагчийг төсөөлж байтал нүд нээгдлээ. Зүүд байжээ. Гараа хөлөртөл нь чанга зангидсан байв. Өчигдөр өдөр бага зэрэг эсгэсэн баруун гарын хуруунаас минь дахиад л цус шүүрч. Зүүд байсанд нь баярлах ч, нэг бодлын харамсах шиг. Сая би хар дарсан уу, эсвэл энэ дэлхийн хамгийн сайхан зүүдийг зүүдэлчихэв үү? Түүнтэй дахиж уулзах болов уу. Энэ ертөнцөд лав үгүй байх.

***

Хорвоогийн тоосыг хөдөлгөсөн ахин нэг өдөр өнгөрлөө. Өнгөрсөн шөнө намайг аварсан жихүүдэс төрүүлэм атлаа дур булаам нэгэн ухаан санаанаас гарсангүй. “Тэр хүн биш ч юм билүү? Түүний царай ямар бол, хаана амьдардаг юм бол оо? Би ер нь ганц зүүдэнд яагаад ингэтлээ их ач холбогдол өгөөд байна аа?” гэж бодсоор ажлын цаг дуусчээ.
Гэртээ ганц өөртөө зориулж хоол хийхээс залхуу хүрсэндээ гамбургер идчихээд унтаад өглөө.
…Нүдээ нээв. Түүдэг галын дэргэд хэвтэж байх юм. Урд минь цаашаа харан суусан хар нөмрөгтэй хүн сууж байна. Би босоод тэр хүн лүү аажим аажмаар дөхөж очлоо. Энэ нөмрөгний цаана аймшигт араатан нуугдаж байж болох юм гэж бодсон ч би айсангүй. Харин ч улам тэмүүлж байв. Урд нь очиж зогслоо. Бага зэрэг урт үстэй, цонхигор цайвар царайтай эр сууж байв. Түүний нүд зэгэл саарал өнгөтэй бөгөөд, дан ганц нөмрөгний цаанаас ханхар цээж нь үл ялиг цухуйж байв. Тэр суудал дээрээсээ босч над луу нүдээ цавчилгүй хэсэг харангаа дөхж ирээд, “Сэрсэн бол эндээс яв даа” гэж хэлчихээд яваад өгөв.
Би хойноос нь гүйцэж очмогцоо “Өчигдөр шөнө надад юу тохиолдсон юм бэ? Тэр ямар амьтад юм? Бас та өөрөө хэн бэ?” гэж асуулаа. Миний үгийг сонсож байгаа эсэх нь мэдэгдэх юм алга. Тэр үнэндээ аймшигтай юм. Эгц урагшаа амьгүй мэт ширтэж байгаа харц нь гунигтай ч юм шиг. Би түүнийг даган алхсаар байв. Тод хөмсөг, ув улаан нимгэхэн уруул, тэгсэн хэрнээ цав цагаан арьс. Нэгд нэггүй сэм ажиглаж яваад доороо байсан том чулуунд тээглэж унах гэж байтал тэр намайг түшээд авлаа. Нүүр өөд нь эгцлэн харав. Би амьдралдаа ийм тод харцтай эрийг анх удаа л харж байх шиг санагдлаа. Ямар нэг юм хэлэх гээд хэлж чадахгүй байгаа царайгаар ширтээд байх чинь. Надаас хэдхэн сантиметрийн л зайтай байсан түүнийг ер бусын үнэрээр нь аврагч мөн болохыг бататган танилаа…Тэр гэнэт намайг тавиад “Одоо яв” гэж хэлмэгцээ цааш үргэлжлүүлэн алхлав. Би хойноос нь явах гэсэн боловч сэрчихлээ…
Дахиад л зүүд үү? Зүүд гэхэд би дэндүү тод санаж байх чинь. Урьд нь халуурсан үедээ л зүүдэлдэг байсан. Эсвэл зүүдэлсэн ч тэрийгээ санадаггүй байсансан. Галзуурах нь ээ.

***

Түүний царай, үнэр, харц, уруул гээд бүхнийг тодоос тод дүрслэн санасаар өдрийг өнгөрөөв. Мартахгүй гэсэндээ түүний талаар байн байн сэргээн бодож байлаа. Яагаад ингээд байгаагаа ч ойлгох юм алга…Чухам хэн юм бол оо? Өнөө шөнө энэ зүүд үргэжлэх болов уу?

***

Бодит ертөнц дээр нүдээ анимагцаа, хийсвэр ертөнцөд би дахин сэрлээ. Харин энэ удаа түүний өвөрт…Огт танихгүй эрийн хажууд хэвтэж байгаадаа огтхон ч эвгүйцсэнгүй. Харин ч энэ олон жил төөрөлдөж яваад одоо л байх ёстой газраа ирсэн юм шиг амар амгалан мэдрэгдэж байв. Царайг нь ойроос харж чадахаар болсондоо баярлав. Цонхигор цагаан нүүрэн дээрх ув улаан, зөв хэлбэртэй нимгэн уруулыг нь би гараараа шүргэнгээ, зөөлөн үнслээ. Энэ агшинд түүний нүд ч бас нээгдэж бид хоёр бие биенээ удаанаар утга учиргүй хэрнээ, сэтгэлийн гүн догдлолтойгоор ширтэлцсэн юм.
-Би чамаас хол байх ёстой. Гэхдээ чадахгүй байна. хэмээн тэр амандаа дуулдах төдий шивнэлээ.
-Тэгвэл хол байлгах гээд хэрэггүй ээ гэж би хэлээд үсийг нь илэв. Саарал, хар, цагаан өнгө холилдсон түүний үс гайхалтай зөөлхөн юм.
Хоёрхон шөнийн өмнө намайг араатнуудаас аварсан эрд би ухаангүй дурлаад байх шиг…Түүний үнэр намайг солиоруулах дөхөж байлаа. Яг л хар тамхи шиг. Бодит ертөнц дээр хэзээ ч мэдэрч чадахгүй нууцлагдмал, харанхуй айдас намайг эзэмдэж байна. Гэхдээ би эндээс явмааргүй байна.
Би түүнээс өмнө асуусан асуултаа дахин асуухад тэр нүд рүү минь эгцэлж харж байгаад
-Чи тэр шөнө үхэх ёстой байсан юм. Шөнө унтаад дахиж сэрэх ёсгүй байсан. Гэхдээ би хүсээгүй. Би чамайг үхүүлэхийг хүсээгүй. Харин энэ алдаа байж. Чамайг аварснаар чи энэ аймшигт газар шөнө болгон ирэх болсон. Намайг уучлаарай хэмээн хэлээд нүүрээ буруулан алхлаа.
-Тэд чамайг аль эртнээс хараандаа аваад байсан. Би ч бас тэдний нэг. Гэхдээ чи надад онцгой санагдсан. Чиний зүрх сэтгэл яг л минийх шиг хоосон байсан юм. Бид хоёр урьд өмнө хэзээ нэг цагт учирч байсан мэт. Хүн болгон үхмэгцээ энд ирдэг. Тэгээд тэд бусдын үхлийг ангуучилсан араатнууд болцгоодог. Би чамайг өөртэйгөө адилхан болгохыг хүсээгүй…

***

Хэдэн долоо хоногийн турш би шөнө бүр түүнтэй уулзсан. Түүнтэй олон гайхалтай шөнийг өнгөрөөж, хүйтэн уруул нь өдөр ирэх тусам бүлээцээд ч байгаа мэт санагдана. Магадгүй энэ бүхэн миний түрхэн зуурын төсөөлөл байж болох ч энэ хугацаанд би бодит орчлон дээр амьдрах ёсгүй юм шиг бодогддог боллоо. Үл таних аврагч миний бие сэтгэлд маш хүчтэйгээр нөлөөлж байв. Энэ бүгд буруу гэдгийг мэдэж байна. Бусад хүмүүс сүнсэнд дурласан гэдгийг минь сонсвол дайжиж зугтаах биз. Түүний хажууд эргэн тойрны түгшүүртэй байдлыг мартаж чаддаг. Тэр ч бас надад дурласан гэдгийг нь би мэдэж байна. Түүнтэй үүрд хамт байхсан. Шөнө бүрийн түрхэн зуурын учрал надад хангалтгүй санагдана. Миний байх ёстой газар энд биш…Харин түүнтэй хамт…Тамд…Гэвч тэр минь байгаа гэж бодохоор тэнд там биш диваажин байгаа гэлтэй…
Гэвч яаж? Түүний дэргэд байх ганц л арга бий…Амиа хорлох…Энэ тухай хэлэхэд тэр эрс эсэргүүцсэн. Ганцхан аюул зовлон л бидний гүүр болдог юм бол би үхэхэд ч бэлэн байна. Энд байх хүсэл алга.

***

-Надад 8 жилийн хугацаа өгчих л дөө. Би тэр үед дараагийн төрлөө олно. Чи тэр хүртэл намайг хүлээ. Харин битгий тийм бодлогогүй үйлдэл хийгээрэй. Чамаас гуйя.
-Дэндүү урт байна. Би тэр хүртэл тэсч чадахгүй. Чам дээр л хүргэж байвал би юу ч хийхэд бэлэн.
Тэр хамаг хүчээрээ чулуун хана луу цохиод, хоёр гарынхаа алгаар нүүрээ таглалаа.
-Үгүй дээ. Одоохондоо чи энд түр зуур л саатаж байгаа. Удаан амьдарвал чи ямар хэцүү гэдгийг мэдрэх болно.
-Надад хамаагүй. Би чамайг л хүсэж байна.
Түүний духанд би өөрийнхийгөө наагаад нүдээ чанга анин нээтэл би хэдийнэ бодит амьдралд ирсэн байв.

***

Шууд гараад машинаа асаан хотоос зайдуу очихоор шийдлээ. Тун удахгүй би түүн дээрээ очино гэж бодохоос сэтгэл цэлмэж байв. Үүрээр зам дээр бараг машин байсангүй. Намайг хаа нэгтээгээс үхэл урин дуудах шиг. Үхлийн дуудсан зүг рүү, түүнийхээ байгаа зүг рүү зөн совингоороо давхисаар байв. Баяртай байна.

***

Нүдээ аниад үсэрлээ. “Битгий хэрэггүй, гуйя” гэсэн түүний минь хоолой сонсогдсоор…Угтан авч байгаа аз жаргалаа төсөөлсөөр би тамын үүдийг удахгүй нээнэ. Огтхон ч өвдөлт мэдрэгдэхгүй ээ. Би итгэлтэй байна.

This entry was posted in Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s