МУИС-ийн цайны газруудад итгэж болох уу?


“Зөөгч өө, нэг хуушуур, арван сэрээ авъя.”

Бие даалт хэвлүүлэх, бичиг цаас хувилуулах гэсээр хэрэгцээнийхээ мөнгөнөөс багахан илүүчлэн хоолодог оюутны амьдрал аа гэж. Дийлэнхэд нь үнэтэй ресторанд хооллох боломж хомс байдгаас, ирээдүйн сэхээтнүүд маань ихэвчлэн сургуулийнхаа цайны газраар үйлчлүүлдэг. Тэгвэл би энэ дугаарынхаа сурвалжлагыг МУИС-ийн цайны газруудад бүрэн итгээд, ходоодоо даатгаж болох эсэх талаар бэлтгэлээ.


Би наашаа, чи цаашаа!
Миний бие сурвалжлагаа урд талдаа Х.Чойбалсан гуайн хөшөөг сүндэрлүүлсэн 1-р байрнаас эхлүүллээ. Жижүүр эгчээр заалгасаар, цайны газрынх нь үүдэнд очтол бөөгнөрөлдсөн олон хүмүүс намайг угтаж авсан юм. Мэдээж завсарлагаа болгоноор гуанзны дотор бөглөрөл үүсдгийг хэн эс андах вэ? Гэтэл сургуулийн маань ууган байрны гуанзны зөвхөн дотор ч гэлтгүй, гаднаа хүртэл бужигналдаж байх юм. Анзаарвал суудал хүлээсэн болон хоолоо бичүүлэх гэсэн хүмүүс нийлэн бөөгнөрсөн нь тэр бололтой. Хичээлийн цаг болоход, надад орох боломж олдсон боловч урт, өргөөшөө 12м² талбайтай үйлчилгээний талбайд 13 ширээ, 35 сандлыг нэг нэгд нь шахаж тавьсан нь давчуу бөгөөд тухгүй харагдаж байлаа.
Стандарчилал хэмжилзүйн үндэсний төвөөс гаргасан албан бичигт нийтийн гуанзны нэг суудалд ногдох хэмжээ 1,5м байх ёстой хэмээжээ. Энэ тоог шилжүүлвэл, 35 сандалд дор хаяж 50 метр квадрат талбай байх ёстой аж. Дээрх журмыг мөрдсөнөөр агаар дахь нян бактерийн идэвхтэй үржлээс хамгаалах, наад зах нь тавтай, тайван хооллох боломжийг бүрдүүлдэг юм байна. Тус цайны газарт орсон оюутнууд үүдэнд зогсох бусаддаа сандал тавих гэж яаруу сандруу хооллочихоод, нарийхан завсраар түчигнүүлэн гарах нь нэгэн хошин шог дээрх “Би наашаа, чи цаашаа!” гэдэг үгийг санагдуулах шиг. Кассчинаас энэ талаар тодруулахад. “Бид нар мэдэхгүй ээ, цаанаасаа олгосон газар нь л энэ.” гэсэн хариултыг өглөө. Үүн шиг зүйл ганц нэгдүгээр байр биш, хоёр болон тав дугаар байрны гуанзнуудад ч ажиглагдаж байсан гэдгийг онцлох хэрэгтэй. Цайны газрын танхимыг үнэхээр МУИС-аас олгодог юм бол, оюутнуудынхаа эрүүл мэндийг харгалзаад, томхон шиг талбай өгөхгүй аваас бидэнд “зүү орох зайгүй” гэдэг үг шууд утгаараа хэрэгжиж байгааг бодолцох хэрэгтэй.

Тогооч эгчийн үс хоолон дотор үзэгдэнэ
Сурвалжлагаа Монгол Улсын Их Сургуулийн 3-р байрнаас үргэлжлүүлсэн юм. Сэтгүүлзүйн ихэнх хичээл тэнд ордог тул ижил дасал болсон цайны газартаа их л сэтгэл хангалуун оров. Танхим дүүрэн хооллож суугаа оюутнууд дундаас 5 уурласан янзтай охин миний анхаарлыг татлаа. Очоод юу болсныг лавлатал тэдний 3-ынх нь хоолноос урт гэгчийн хар үс гарч ирсэн гэцгээв. Эхлээд нэг таваг хоолыг нь солиулахад, оронд нь хоёр дахин бага порцтой хоолыг өгжээ. Нөгөө хоёрыг нь дахин буцаахаас санаа зовж, нөгөө талаар цайны газрынхантай маргалдахаас эмээж, дуугүй өнгөрсөн хэмээх гомдлуудыг надад мэдүүллээ. Үүний дагуу би кассчинаас үйлдвэрлэлийн танхимыг үзэх хүсэлт тавьсан ч татгалзсан хариу өгч, мэдэхгүй гэсэн мянган асуултын таглаагаар намайг буцаасан юм.
МУИС-ийн 1 болон 2-р байрны гуанзнаас бусад нь бүгд хоол бэлтгэж буй өрөөндөө оруулахыг үл зөвшөөрсөн нь сурвалжлага хийж яваа надаас ичсэн айсан аль нь болохыг хэлж мэдэхгүй юм. Ахлах болон туслах бүх тогооч нар бүтээгдэхүүн дотор үсээ унагахаас сэргийлэн шууж, зориулалтын малгай өмсөх ёстой байдгийг бид мэднэ. Тийм байтал нэг дор авсан 5 хоолны 3-т нь хүний үс холилдсон байсан нь хачирхалтай.
Дараа нь би 4-р байрны цайны газарт очоод, тэндээс өөртөө халуун цай авч уулаа. Цайны аяганыхаа ёроолыг харахад “100% меламин” хэмээн тод томруунаар бичсэн байх юм.
Хоёр жилийн өмнө меламиний хор уршгийн улмаас олон хvvхэд эрүүл мэнд, бие махбодиороо хохирч үлдсэн аймшигт дурсамжийг санаж байгаа байх. Энэ төрлийн бодис оролцсон аяга, тавганд хүнсний бүтээгдэхүүнийг халуунаар хийхийг хориглодог бөгөөд ялангуяа буцалгасан шингэн зүйлс хийх нь эрүүл мэндэд нэн хортой байдаг байна. Хоол зөөгчөөс бүх аяга нь ийм байдаг эсэх талаaр лавлахад “Гурав, дөрвөн аяга л ийм, бусад нь шаазан.” гэсэн хариултыг өгсөн юм. Энэ нь яг “Оюутнуудын гурав дөрөв нь л хордоно биз.” гэсэнтэй утга нэг сонсогдлоо.
Энэ мэт тоочоод байвал олон ноцтой зөрчилүүд илэрч байсан ч зарим нэг сайшаалтай з¿йлс байсныг дурдах хэрэгтэй. Жишээ нь ихэнхи байрнуудын гуанзанд дээжийн хөргөгч болон цагаан хэрэглэлээ хадгалах тусгай шүүгээ байсан нь талархууштай.

Т.Аззаяа

This entry was posted in Нийтлэл, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s