Монголын төдийгүй дэлхийн аялгуу үндэсний хөгжимд амилав

Т.АЗЗАЯА

Зах хязгааргүй уудам талаар шаргал зүсийн хийморьлог хүлэг зөөлөн шогшиж байснаа, аажмаар хурд нэмэн давхиж байна. Тэрхүү эмээл хазааргүй эмнэг адгуусны туурайн дор газрын тоос босож, хаа нэгтээ зөн совингоороо яарч байгаа амьтанд улам сүр нэмнэ. Энэ бол хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнийн “Айсуй хүлгийн төвөргөөн”-ийг хуурын чавхдаснаас сонсоод толгойд буусан дүр зураг. “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал анхны тоглолтоо энэ бүтээлээр овоглож, мөн эхлүүлсэн юм.
Урьд нь өөр уран сайханчдын хамтарсан тоглолт, уралдааны тайзан дээр л гарч байсан энэхүү хамт олон СТА Д.Нямдашаар удирдуулан цаашид тавих олон концертынхоо гарааг хийсэн нь энэ. Байгуулагдаад ердөө жилийн нүүрийг үзсэн ч, Сөүлийн олон улсын фестиваль, Манжуурын наадмуудад оролцоод амжсан. Дан залуучуудаас бүрдсэн тус найрлынхан зөвхөн монгол аялгууг биш, дэлхийн сонгодог бүтээлүүдийг ч үндэсний хөгжимд хөрвүүлэн тоглож байсан авъяас чадварыг нь магтахгүй байхын аргагүй.
Үзэгчид тоглолт дуустал ганц ч эгшиг гээлгүй бүгдийг чих тавин сонсож, зарим нь бүх биеэрээ найган ардын урлагийг шимтэж байв. Тэдний хуур бидний сэтгэл хоёр хурдан, удаан, гунигтай, хөгжилтэй хэмнэлүүдэд яв цав тааран зэрэг хөдөлж байсныг хэлье. Ялангуяа хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Бодолд ивэлсэн ижий далай” аяыг тоглоход зарим үзэгчид нулимсаа арчиж суусан нь магадгүй ижийгээ санасных биз ээ. Шүлэггүй атлаа, дан ганц аялгуугаар хүний сэтгэлийг тэгтэл хөдөлгөнө гэдэг гайхалтай. Гэхдээ бүх хөтөлбрийн турш дан ая тоглосон гэвэл эндүүрэл юм. СТА Б.Батболд монгол ардын уртын дуу “Эртний сайхан”-г найрал хөгжимтэй хослон дуулж, олны сэтгэлийг сэргээсэн. Мөн тэрээр “Богд Дүнжингарав уулын магтаал”-ыг хөөмийн түрлэгийн хамт уянгалуулан уншсан юм.
Улаанбаатар чуулгын танхимд гадаадын жуулчдаас ч цөөнгүй ирсэн харагдав. Дэлхийн алдарт дуурийн дуунуудын нэг “О Соле Мио”-гийн аялгуу ч тэр үдэш монгол хөгжмийн аянд амилсан. Энэ нь манай ардын урлагийн гайхамшгийг жуулчдад улам ч таниулан, суудлаасаа босон алга ташихад нь хүргэсэн юм. Тэдний нэг болох АНУ-ын иргэн Жонаттан Смиттэй ярилцахад “Монгол ардын хөгжмийг ийм агуу гэдгийг төсөөлөөгүй явлаа. Үнэнийг хэлэхэд би танай орны урлаг соёлын талаар маш бага ойлголттой байснаа мэдэрлээ” хэмээн ярьсан юм.
Тоглолтон дээр тавигдсан бүтээлүүдийн дийлэнх нь морины явдлыг илэрхийлж байсан гэхэд хэтийдэхгүй. “Суман дэлт”, “Нутаг минь хүлэг минь”, “Жороо морьтон” гэх мэт монголын ард түмний сайн мэддэг аялгуунууд морин хуурыг анхнаасаа жонон харын алхаа гишгээ, арилжаан хатирааг дуурсах гэж бүтээсэн домгийг санагдуулав.
Монгол улсын төрийн соёрхолт, урлагийн гавъяат зүтгэлтэн Б. Шаравын “Сэрсэн тал”-аар тэр үдшийн концерт өндөрлөсөн юм. Их танхим, цаашилбал орчлон ертөнцийн “жаврыг үргээсэн” “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал энэ мэт олон үдшийн сонорыг мялаагаасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

About these ads
This entry was posted in Music mix. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s