Мэдлэг бүр хөрөнгө болж чадах уу?


Өглөө босоод зурагтаа асаахад цаг агаарын мэдээ толилуулж байх юм. Тэр өдрийн минь надад ирсэн анхны мэдээлэл энэ боллоо. Гэхдээ шөнө гэхэд үүнийгээ мартана. Маргааш дахин цельсийн өөр нэг градусыг хөтлөгч хэлнэ. Энэ мэтчилэн бид сонссоор байдаг, мартдаг, заримыг нь санадаг, хэдхэнийг нь амьдралдаа хэрэглэдэг. Бүгд мэдлэг гэж үү? Үгүй гэж бодож байна.

Тэгвэл эндээс мэдлэг гэж юу юм бэ? Мэдлэг хөрөнгө мөн үү? Мэдлэг бодит хөрөнгийг буй болгож чадах уу? гэсэн асуултууд урган гарч байна. Эдгээрт би хариулт өгөх гэж оролдъё.

Нэгдэх асуулт. Мэдлэг гэж юу вэ? “Мэдээлэл бол мэдлэг бус” хэмээн германы агуу физикч Альберт Энштейний хэлсэн үг бий. Эрдэмтдийн судалгаагаар хүний тархинд өдөрт 60000 бодол эргэлдэж байдаг гэсэн тооцоо гарчээ. Мэдээж тэр дунд бидэнд хэрэгтэй нь ч бий, хэрэггүй нь ч бий. Хэрэгцээгүй бодлуудыг бид таньж чадах ч зогсолтгүй бодсоор л байдаг шүү дээ. Мэдээллүүд ч бас яг л ийм зарчмаар тархинд очдог болов уу? Нэг ялгаа нь гэвэл оюун ухаан муу сайныг нь шигшиж ялгалгүй бүгдийг хүлээн авдаг ч ой санамжиндаа бичихдээ бүрэн ойлгосноо үлдээж, ойлгоогүй хэрэггүйгээ гээчихдэг. Ингэж бичигдсэн тэрхүү хэсэг мэдээллийг л би хувьдаа мэдлэг хэмээн ойлгож байгаа юм. Мэдлэг хэзээ ч хуучирдаггүй, дуусдаггүй, байнга шинэчлэгдэж, цаг үеэ даган нэмэгдэж байдаг бааз ажээ.

Хоёрдох асуулт. Мэдлэг өөрөө хөрөнгө мөн үү? Бидний хийж буй үйлдэл бүрт ямар нэгэн төрлийн мэдлэг тус болж байдаг. Их энгийн жишээ татъя. Хоол хийхдээ бид мах, ногоогоо хэдэн минут хуурах, ямар хоолыг яаж амтлах гээд л өргөн хүрээний мэдлэгийг өөрсдөө ч анзааралгүй ашиглаж байдаг. Ашиглах бүртээ их бага хэмжээний оюуны хөдөлмөрийг үйлдэж, тэр хугацаандаа шинэ шинэ нээлтүүдийг гаргаж ирнэ. Өөрөөр хэлвэл нэг мэдлэгт тулгуурлаж дахин нэгийг өөртөө боловсруулан авч буй хэрэг юм. Өмнөх жишээнд хамааруулвал урьд нь хэвшмэл маягаар шардаг байсан махан дээрээ өөрийн дуртай дарсыг нэмснээр илүү сайхан амттай болохыг мэдсэнтэй адил… Ингэж хийсэн бүх зүйл тань шинэ бүтээл… Харин хийсэн аргачлал нь таны оюуны өмч, хөрөнгө юм. Энэ мэтийн ахуйн жижиг нээлт ч, шинжлэх ухааны агуу том нээлтүүд ч бүгд л энэ хуулийн үйлчлэлээр бүтсэн. Тиймээс мэдлэг бол том хөрөнгийг бүтээгч, өөрөө маш том хөрөнгө юм.

Гуравдах асуулт. Мэдлэг бодит хөрөнгийг буй болгож чадах уу? Материаллаг баялаг бол өөрөө материаллаг бус баялгийг хэрэглэсний үр дүн гэдгийг та бид сайн мэднэ. Үүний тухай нэгэн жишээ. Монгол улс зах зээлийн эдийн засгийн систем рүү шилжээд удаагүй байсан үед Ш.Баярсайхан хэмээх жирийн нэг залуу аавынхаа хадгаламжин дахь бүх мөнгийг дараа нь өсгөж өгнө гэж амлан аваад, домогт дуучин Майкл Жексоны тоглолтыг үзэхээр Сингапур улсыг зорьсон аж. Тоглолтоо үзсэний дараа аавынхаа мөнгийг хэрхэн өсгөж олох талаар марталгүй бодож байжээ. Нэг л өдөр тухайн үед Монголд өндөр үнэтэй зарагддаг байсан электрон барааг маш хямдхан үнээр Сингапурт зарж байгааг олж мэдсэн гэдэг. Ингээд л эх орондоо нийлүүлж эхэлснээр бизнесийн гараагаа эхэлжээ. Энэ нь түүнд багагүй ашиг өгсөн хийгээд компаниа “Номин” хэмээн нэрийдсэн байна. Удалгүй Улсын Их дэлгүүрийн хяналтын багцыг худалдан авч бизнесээ өргөжүүлсээр одоо монголын толгой баячуудын эгнээнд зүй ёсоор багтаж байгаа билээ.Үүнийг сохор аз дайрсан хэрэг гэж би л лав хэлэхгүй. Хэрэв тэрээр шинээр тогтсон нийгмийн талаар ямар ч мэдлэггүй нэгэн байсансан бол зах зээлээ мэдэрч чадахгүй л байсан болов уу? Энд асуултын хариу “Тийм” гэдэг нь харагдлаа.

Бодит хөрөнгийг буй болгоход таны ашиглах гэж буй мэдлэг сайн ч байж болно, муу ч байж болно. Гагцхүү хэрэгтэй цаг мөчид, хэрэгтэй байдлаар ашиглаж чадвал бүх төрлийн мэдлэг, мэдээлэл эд баялаг болон хувирч чадна гэдэгт би бат итгэдэг. Хэн нэгэн хөндлөнгийн хүний бизнес бүтэлгүйтсэн талаар сонссон хүн тухайн үедээ юу ч бодохгүй сонсоод л авчихдаг. Харин дараа нь оюун ухаандаа тэр хүний алдааг дүгнэж өөрөө тэгэхгүй байхын тулд болгоомжлон үйлдлээ цэнэн ажилладаг шүү дээ. Энэ нь хов жив, муу мэдээ ч хөрөнгө үүсгэхэд хэрэгцээтэй байж чаддагийн баталгаа юм.

“Мэдлэгийг ашиглахаас нааш үнэ цэнэгүй” хэмээн Оросын нэрт зохиолч асан Антон Павлович Чеховын хэлсэн үг энэ бүгдийг нэгтгэн илэрхийлсэн товч бөгөөд оновчтой дүгнэлт болно гэж бодож байна. Төгсгөлд нь хэлэхэд юм бүрт сониуч байж чадваас өөрийн гэсэн мэдлэгийн хуримтлалыг үүсгэж чадна гэж би боддог. Бүхнээс амжиж бүгдийг хийвэл… 2009.08.08

About these ads
This entry was posted in Rich woman. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s